Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн батальоны хоёрдугаар цуврааны бүрэлдэхүүн 09 дүгээр сарын 11-ний энэ өдөр эх орондоо ирлээ.
Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, түүнтэй хоршсон хүнлэг энэрэнгүй зан чанарыг ажиллагааны газар оронд үйл бүхнээрээ харуулж чадсан энхийг сахиулагчдаа ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр инээсээр угтан авлаа. Тэрээр “Сайн явж ирэв үү, эх орондоо тавтай морил” хэмээн алба хаагч бүртээ мэндчилж "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлсэн Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага Та бүхэнтэй байнгын холбоотой байж, албан үүргээ амжилттай гүйцэтгэх бүхий л боломж, нөхцөлийг тань бүрдүүлж ажилласан. Та бүхэн цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд энхийг сахиулах эрхэм үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсний зэрэгцээ өөрийн эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг улам өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дуурьсгаж чадлаа” хэмээн баяр хүргээд энхийг сахиулагчдыг тээвэрлэж авчирсан "МИАТ"-ын агаарын хөлгийнхөнд талархал илэрхийллээ.
Бригадын генерал Б.Баатарын хамт ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Б.Энх-Од нар угтан авахаар мөн ирсэн байв. Үүний дараа уламжлал ёсоор Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалд хурандаа Д.Мягмаржав энхийг сахиулагчдадаа үүрэг чиглэл, заавар зөвлөмжийг хүргэлээ. “Цэргийн багийн үүрэг гүйцэтгэлт дөрөвдүгээр ээлжийн цувраа эх орондоо ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиа энгэртээ зүүж, нэгтгэл, ангидаа очсоны дараа дууссан гэж үзнэ. Тэр хүртэл дэг журам, сахилга баттай байхыг онцлон захъя. 11 сарын хугацаанд цэргийн багаараа ямар их хичээж ажилласан билээ, тэр сайхан байгуулсан гавьяат үйлсээ хадгалж үлдэхэд алба хаагч бүр анхаарах хэрэгтэй” хэмээгээд нэг жилийн хугацаанд гэр бүлээ бат найдвартай дааж үлдсэн хайртай бүхэндээ халамж хайраа мэдрүүлээрэй гэсэн юм.