Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, Монголын уяачдын өдрийг тохиолдуулан "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын наадам энэ сарын 8-10-ны өдрүүдэд Хүй долоон худагт болж байна. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан нь Монгол орны бүх аймаг, бүс нутгаас шалгарсан хурдан морьд шандсаа сорьдог, үндэсний хэмжээний дээд зэрэглэлийн уралдаан юм. Гурван жил тутам нэг удаа зохион байгуулагддаг тус уралдаанд оролцож буй “Монгол улсын тод манлай уяач” Б.Цэрэнжигмэдийн охин “Макс” галын уяач Ц.Нинжбадамтай ярилцлаа.
ВИДЕО:
-Таны сошиалд оруулдаг зарим бичлэгүүдээр хүмүүс бага зэрэг мэддэг болсон. Гэхдээ таны гэр бүл болон ажил мэргэжил гээд тэр бүр мэддэггүй шүү дээ. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би өнгөрсөн хавар их сургуулиа худалдаа чиглэлээр төгссөн. Эхээс дөрвүүлээ. Айлын дунд охин. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Харин доороо нэг эрэгтэй дүүтэй. Манай гэр бүлийн хувьд бүгд л моринд хорхойтой хүмүүс бий. Дөнгөж сая “Их хурд”-ад нэг соёолон маань ахын нэр дээр мордсон. Харин манай дүү бол морины ажилд үргэлж туслаад гүйдэг байх жишээний. Ээжийн маань хувьд морины ажилд оролцдоггүй ч унаач хүүхдүүдийн асуудлыг бүрэн хариуцдаг.
-Таны хувд морьтой анх яаж холбогдсон юм бэ?
-Анх 2013 онд “Хүй долоон худагт” Гиннесийн номд бүртгүүлэх 10 мянган морьтны жагсаал болж байсан. Тэр жагсаалд аав надад юу ч хэлэлгүйгээр морины хувцас өмсүүлээд аваад ирсэн. Тэгээд бараг 10 цаг тасралтгүй морь унаж байсан. Тухайн үед морь унадаг байсан ч тийм олон цагаар унаж байгаагүй юм. Тэгээд л тэр явдлаас хойш морьтой холбогдчихсон санагддаг.
-Хэзээнээс өөрийн нэр дээр морь уралдуулж эхэлсэн бэ?
-2018 оноос өөрийн нэр дээр хэдэн морь авсан. Гэхдээ морины эзэн гэж явдаг. Энэ бол бараг л туслах гэсэн үг дээ. Уяачаа дагаад л туслаад явж байдаг.
-Хангайн бүсийн даншиг наадамд таны халзан морь аман хүзүүдлээ. Ямар мэдрэмж төрөв. Таны халзан морь чинь учиргүй эрх амьтан байна лээ.
-Тиймээ. Морь чинь аймар эрх. Гэхдээ яг эрхлэх хүндээ л эрхэлнэ. Ямар өдөр эрхлэх вэ гэдгээ нь бас сонгодог байх гэж боддог. Түүнээс шууд очоод л эрхлүүлэх юм бол заримдаа дургүй байдаг. Морь маань аман хүзүүнд орж ирэх үед шууд нулимс цийлгэнэсэн. Ер нь хурдан морь барианд орж ирэх үед хойноос огцом ороод ирсэн, таамаглаагүй морийг харахад хүртэл нулимс цийлгэнээд л эхэлдэг. Нэрээ дуудуулж байгаагаа сонсохоор бас их сонин юм билээ. Би сая улсын наадамд анх удаа нэрээ дуудуулж үзсэн. Миний даага улсын наадамд 13-аар орж ирсэн. Өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд, хамаг бие салганаад гоё байдаг.
- МОНГОЛЫН АНХНЫ “ТОД МАНЛАЙ УЯАЧ” ААВ, ОХИН ХОЁР БОЛОХ МӨРӨӨДӨЛДӨӨ ЗААВАЛ ХҮРНЭ ГЭЖ БОДДОГ-
-Таны аав морьтой холбогдсон түүхээ хүүхдүүдээ хэрхэн дурсан ярьдаг вэ. Ямар дурсамжаа ихэвчлэн хуучилдаг бол.
-Аав маань алдарт Асгат саарал азаргаа авсан түүхээ их ярьдаг. Ерөөсөө нэг ч харж байгаагүй хэр нь авчихсан гэдэг. 2003 онд Соёолондоо түрүүлэхэд нь би төрсөн. Харин 2006 онд азаргандаа түрүүлэх үед нь дүү минь төрсөн гэдэг. Тийм учир аав бэлгэшээж Манлай гэх нэрийг хайрласан.
-Охин хүүхдийн хувьд аав нь хэзээд бахархал нь байдаг. Аавынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ?
-Аавынхаа бүх зүйлээр бахархдаг. Үнэхээр бахархахгүй байхын аргагүй хүн. Аж үйлдвэрийн гавьяат, Тод манлай уяачаас гадна хэдэн мянган хүнийг цалинжуулаад явж байна.
-Унаач хүүхдийн асуудал дээр.
-Уяач нар маань унаач хүүхдийн асуудалд маш их анхаардаг. Ганц нэг жишээ дээр хавтгайраад байгаа санагддаг. Аль болох хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгийн сайн хангадаг. Манай туслахууд гэхэд хүүхдүүдээ аймар хайрлана. Заримдаа би жоохон хатуу үг хэлэх гэхээр хүүхэд загнаад гээд өөрөө зэмлүүлдэг. Уралдаанд гарахад нь үнсээд л мордуулдаг даа.
-Ер нь таны зун яаж өнгөрдөг вэ?
-Зун хичээл амраад л уяан дээрээ байдаг. Зун ерөөсөө өөр тийшээ аялж үзээгүй. Одоо ихэнх аймгуудаар явж үзсэн ч төв дээр нь очоод л наадаад буцдаг. Байгалийн гоё сайхан үзэж, харж амжилгүй морио дагаж байгаад буцдаг. Зун бол хөдөө явмаар санагдаад сууж чаддаггүй. Хотод ерөөсөө байж чаддаггүй. Байранд хонохоор давчдаад хэцүү байдаг. Одоо ингээд л наадам дууссаны дараа хэсэг нэлээн гуниглана даа. Уяаныхныгаа санана. Байн байн ярина. Одоо “Тамганы баяр” болно. Тэр баяр дуусаад гуниглаж эхэлнэ дээ.
-Цаашид юунд төвлөрч байна.
-Монголын анхны “Тод манлай уяач” аав, охин хоёр болох мөрөөдөлдөө заавал хүрнэ гэж боддог. Өв соёлын тал дээр хүн бүр хотын гоё эсвэл гадны улсын сайхныг магтдаг, харуулдаг. Харин би хөдөө нутгийн сайхан, морины гайхамшгийг харуулах, мэдрүүлэхийн төлөө хичээнэ. Хүмүүс морийг адгуус гэж л хардаг.