АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг гаргах ажиллагаанд АНУ оролцоно гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, уг ажиллагаа өнөөдөр /2026.05.04/ эхлэх бөгөөд бүс нутгийн тээвэрлэлтийг аюулгүй сэргээхэд чиглэх ажээ.
Д.Трамп олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Иран, Ойрхи Дорнод болон АНУ-ын нийтлэг ашиг сонирхлын үүднээс бид хөлөг онгоцуудыг энэ хязгаарлагдмал усан замаас аюулгүй гаргахад тусална” хэмээн онцолсон байна. Тэрбээр энэ ажиллагааг “Эрх чөлөөний төсөл” гэж нэрлэж, шаардлагатай тохиолдолд “хүчээр хэрэгжүүлнэ” гэдгийг дурджээ.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр уг ажиллагаанд 15 мянга орчим цэргийн алба хаагч, 100 гаруй нисэх онгоц оролцохоор төлөвлөжээ. Ирантай мөргөлдөөн эхэлснээс хойш Персийн буланд 20 мянга орчим далайчин гацсан бөгөөд энэ нь тэдний аюулгүй байдал, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар анхааруулж байгаа аж.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувийг дамжуулдаг стратегийн чухал бүс бөгөөд мөргөлдөөний улмаас тээвэрлэлтийн хөдөлгөөн эрс саарч, эрчим хүчний үнэ огцом өсөөд байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ, Ираны хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд Д.Трамп эдгээрийг “маш эерэг” гэж үнэлжээ. Харин Ираны тал Пакистанаар дамжуулан шинэ санал хүргүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн ч АНУ албан ёсоор батлаагүй байна.
Ираны талаас гаргасан 14 зүйл бүхий төлөвлөгөөнд АНУ цэргээ Ираны хил орчмоос татах, тэнгисийн хоригийг зогсоох, бүс нутгийн бүх дайсагналыг бүрэн дуусгах шаардлагыг тавьжээ. Мөн 30 хоногийн дотор эцсийн тохиролцоонд хүрэх санал дэвшүүлсэн байна.
Гэсэн хэдий ч Д.Трамп уг саналыг “хүлээн авах боломжгүй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд Ираны эсрэг цэргийн арга хэмжээ авах боломжийг үгүйсгээгүй байна. Одоогоор Ормузын хоолой дахь нөхцөл байдал тогтворжоогүй хэвээр байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдал, дэлхийн эрчим хүчний зах зээлд үзүүлэх нөлөө үргэлжилсээр байна.
Эх сурвалж: BBC