"Байгууллагын нууц"-д оруулаад байсан шахмал түлшний орц, технологитой холбоотой баримт бичгийг нууцаас гаргахаар Тагнуулд ханджээ

"Байгууллагын нууц"-д оруулаад байсан шахмал түлшний орц, технологитой холбоотой баримт бичгийг нууцаас гаргахаар Тагнуулд ханджээ

"Тавантолгой түлш" ХХК-ийн байгууллагын үндсэн үйлдвэрлэл болох сайжруулсан шахмал түлшний үндсэн орц, норм, үйлдвэрлэлийн техник технологитой холбоотой баримт бичгүүд, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг үндэслэлгүйгээр байгууллагын Нууцын зэрэглэлд оруулсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл дээрх мэдээллүүдийг Нууцын зэрэглэлээс гарахаар Тагнуулын байгууллагад хандсан байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал,  "Нийслэл аудит" ХХК "Тавантолгой түлш" ХХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийхэд тус компани нь Төрийн нууцын тухай хууль зөрчиж, "Сайжруулсан шахмал түлшний үндсэн орц, норм, үйлдвэрлэлийн техник технологитой холбоотой баримт бичгүүд, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг үндэслэлгүйгээр байгууллагын Нууцын зэрэглэлд оруулсан байсан аж. Тиймээс ч аудитын байгууллагаас "Тавантолгой түлш" компанид албан шаардлага хүргүүлж, дээрх зөрчлийг зогсоож, дахин гаргахгүй байхыг даалгасан байна. 

Энэ дагуу шахмал түлшний орц болон технологитой холбоотой баримт бичгүүдийг нууцаас гаргахаар Тагнуулын ерөнхий газарт хандаад байгаа аж. Тодотговол, "Тавантолгой түлш" ХХК-ийн хуулийн хэлтсээс Нууцын журам шинээр боловсруулж, Тагнуулын ерөнхий газарт хандаад байгаа юм байна.

Хэрэв тус байгууллагаас "Тавантолгой түлш" компанид зөвшөөрөл өгвөл шахмал түлшний орц болон технологитой холбоотой баримт бичгүүдийг нууцаас гаргах аж.

Ташрамд өгүүлэхэд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэхээр болоод буй. Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдол тодорхой хувиар буурна гэх мэдээлэл бий. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө