Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн хэрэгт эсрэг урсгалд зорчиж байсан Ц.Отгонбат гэгчийг яллагдагчаар татан, өдгөө тус хэрэг шүүхийн шатандаа байгаа. Тэгвэл бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс монголынхоо ард түмэнд "Бүжиглэдэг начин" нэрээр алдаршсан Ө.Батзул агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, талийгаачтай ойр дотно нөхөрлөж явсан дүү нь болох ОУХМ Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
ВИДЕО:
-Таныг Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, чөлөөт бөхийн тамирчин гэдгээр тань монголын ард түмэн андахгүй. Та Ө.Батзул агсантай хэр ойрхон нөхөрлөж байв гэдгээс нь хоёулаа яриагаа эхлүүлье?
-Талийгаач Ө.Батзул ах бид хоёр Орхон аймгийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн Батсайхан багшийн удирдлага дор хичээллэж байсан унаган шавь нар байгаа. Ахтайгаа Үндэсний шигшээ багт орсон цагаасаа хойш хамтдаа бэлтгэл сургуулилт хийж, цагийг үргэлж хамт өнгөрүүлдэг байсан даа.
-Уучлаарай сэтгэлийнх нь шархыг хөндөж байгаад. Талийгаач Ө.Батзул амиа алдсан тэр өдөр чухам юу болсон талаар та яриач?
-Одоогоос нэг жил орчмын өмнө буюу 2024 оны долдугаар сарын 30-ны өдөр ах маань наймдугаар сарын нэгний өдөр болох байсан Орхон аймгийн баяр наадамд оролцохоор явж байгаад осолдсон. Орхон аймгийн баяр наадмын комиссоос "Баяр наадамд оролцох бөхчүүдийг долдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлага тавьсан юм билээ. Тэгээд нэгнийхээ өглөө гарах гэж байсан ах маань бүртгүүлэхээр яваад осолдсон доо.
-Ахыгаа амь насаа алдсан мэдээг сонсоод их л хүнд хүлээж авсан байх?
-Тийм ээ. Т.Тулга, М.Лхагвагэрэл гээд бид нар Парис-2024 олимпын наадамд оролцохоор Парист дөнгөж очоод байтал энэ мэдээг цахим сүлжээнээс олж, мэдсэн. Тухайн үед үнэхээр итгээгүй. "Үгүй байгаасай", "Ах маань биш байгаасай" л гэж их бодсон. Гэсэн ч эцэст нь үнэнтэй нүүр тулсан.
-ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССТ БАЙСАН ХҮМҮҮС УУЧЛАЛТ ГУЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ-
-Тухайн үед яагаад зам тээврийн осол болсон. Ослын шалтгаан нөхцөл нь юу байсан талаарх мэдээллийг та авсан уу?
-Энэ хэрэг шүүхийн шатандаа яваа болохоор энэ талаарх мэдээллийг ярьж болохгүй байх. Гэхдээ тухайн үед цахим сүлжээнд цацагдсан мэдээлэл, хүмүүсийн ярьж байгаагаар бол эсрэг урсгалд явж байсан автомашины жолооч урсгал сөрснөөс осол болсон гэдэг мэдээллийг авсан. Тиймээс ч тухайн жолоочийг тэрхэн хугацаанд яагаад урсгал сөрж, зам тээврийн осол гаргав. Мөн Орхон аймгийн баяр наадам зохион байгуулах комиссоос "Яагаад заавал бөхчүүдийг өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлага тавив. Яагаад аймгаас нь төрсөн ганцхан улсын начныг урилгаар наадамдаа оролцуулсангүй вэ" гэхчлэнгээр бодож, их л харамсаж явдаг.
-Тухайн ослын дараа та цахим сүлжээндээ энэ талаар мөн бичсэн байсан. Ер нь Орхон аймгийн баяр наадам зохион байгуулах комисс ойр дотнын хүмүүсээс нь уучлалт гуйсан болов уу?
-Үгүй ээ. Одоог хүртэл нэг ч хүн уучлалт гуйж, албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Би түүнд нь маш их харамсаж, ядаж, ахын минь гэгээн дурсгалыг хүндэтгээд уучлалт гуйгаасай л гэж бодож, хүсэж явдаг юм. Ер нь бусдын амь нас эрсдсэн харамсалтай хэрэг болсон байхад хэн ч хариуцлага хүлээдэггүй нийгэм болсон юм уу гэж харамсаж явдаг даа.
-Ах нь монголынхоо ард түмэнд "Бүжиглэдэг начин" гэх нэрээр алдаршсан шүү дээ. Ах нь ер нь бүжиглэх дуртай хүн байсан уу?
-Тийм ээ. Ах маань их хөгжилтэй, үгээр хэлэхийн аргагүй сайхан хүн байсан. Их гоё бүжиглэдэг, дуулдаг. 2021 онд ДАШТ-д оролцохоор явж байхдаа Будапешт ах маань өрөөндөө бүжиглээд тэр үед Г.Ганхуяг ахын бичлэгийг хийгээд цахим сүлжээнд тавьж байсан. Тэр үеэс л ахын бүжиглэдэг гэдэг нь олон хүн мэддэг болсон. Ер нь ах минь хүн бүрийг хайрладаг, хэзээ ч өнгө, мөнгөний өмнө хүн чанараа гээгээгүй, ямар ч хүн байсан үнэний төлөө дуугарч, бид бүгдийг хайрлаж, хамгаалж ирсэн хүн. Тиймээс ч ахынхаа энэ л сайхан зан чанарыг өвлөн үлдэж, дараа дараагийнхаа дүү нартаа өвлүүлэн үлдээнэ дээ гэж бодож, явдаг.
-Ахтайгаа өнгөрүүлсэн нандин дурсамжаасаа хуваалцаач?
-Ахтайгаа хамтдаа өнгөрүүлсэн хором, мөч бүхэн минь хэзээ ч мартагдахгүй. Зүрх сэтгэлд минь тодоор үлдсэн. Ахтайгаа хамт гурван удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэр мөчүүдээс эхлээд бүх ч дурсамж нь нандин байдаг даа. Ах минь биднийг өөрөөсөө ч илүү хайрлаж, биднийг амжилт гаргах бүрт өөрөө амжилт гаргаснаас илүү их баярлаж, хөөрч, урмын үг хайрладаг байсан. Тэр л орон зайг юугаар нөхөхгүй нь харамсалтай.
-Таны хувьд Улсын баяр наадамд зодоглохоор бэлтгэлдээ гараад байна уу?
-Тийм ээ. Энэ жилийн наадмын бэлтгэл ахыгаа үгүйлэн санаж, дурссан их л хүнд өнгөрч байна. Энд өмнө нь ахтайгаа хамтдаа бэлтгэлд гарч байсан юм. Тиймээс ч ахтайгаа хамтдаа уул руу алхаж, хамтдаа бэлтгэл сургуулилт хийж байсан үе маань бодогдож, яг л дэргэд хамт байгаа мэт боловч байхгүй байгаа нь үнэхээр хэцүү байна. Ахын минь орон зай үнэхээр их үгүйлэгдэж байна даа. Ер нь ганцхан би биш нэгэн гэр бүл хамгийн дотно хайртай хань, хайртай аав, хайртай хүү, хайртай найз, хайртай ахаараа дутаж, гансарч, ард түмэн маань ч хайртай начнаа үгүйлэн санаж байгаа гэдэгт итгэдэг. Тиймээс ахынхаа хүрээгүй цолонд хүрч, ахынхаа ачийг хариулна гэж бодож явна.
-Тэгэлгүй яах вэ. Талийгаач начин маань монголын ард түмний хайртай бөх байсан шүү. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Чөлөөт бөхийн холбоо, найз нөхөд нь начны гэр бүлд хүндэтгэл үзүүлж байна гэж ойлгодог.
-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Чөлөөт бөхийн холбоо маань ахын минь гэгээн дурсгалыг хүндэтгэж, хүндэтгэл үзүүлсэн нь баярлаж явдаг. Энэ нь ахыг минь ямар хүн байсан орон зай нь гэрчлэгдэж, ахын маань хүү том болоод ааваараа бахархах байх гэж боддог.
-Уучлаарай. Ахынхаа гэр бүлтэй холбоотой байдаг уу?
-Эгч, дүү хоёртойгоо байнга холбоотой байхыг хичээдэг. Гэхдээ дүүтэйгээ ярихаар аавыгаа асуугаад байдаг болохоор их л эмзэг байдаг. Халз чөлөөт бөхийн барилдааны үеэр эгч маань хүүтэйгээ хамт ирээд "Хүүгээ барилдуулна" гэдгээ хэлсэн. Тийм болохоор бид дүүгийнхээ бөх болох замыг нь үргэлж засаж, хамтдаа байна гэж боддог.
-Баяр наадмын амралтын өдрүүд эхэлж, иргэд холын замыг зорьж байгаа энэ үед та ард иргэдэд сэрэмжлүүлэг болгож, уриалга хэлээч?
-Зам тээврийн ослоор өөрийнхөө төрсөн ахаас өөрцгүй, хайртай ахыгаа алдсан. Тийм болохоор энэхүү шархыг дахин өөр хүмүүс битгий амсаасай гэж боддог болохоор аливаа замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыгаа дүрмээ баримтлан хурдаа хэтрүүлэхгүй, урсгал сөрж бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг уриалж байна.