Х.Нямбаатар: Авто ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд ноцтой хохироогүй бол даатгалын компани хүлээж зам дээр зогсохгүй байхаар зохицуулна

Х.Нямбаатар: Авто ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд ноцтой хохироогүй бол даатгалын компани хүлээж зам дээр зогсохгүй байхаар зохицуулна

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн талаар байнгын хороо хэлэлцлээ. 

ВИДЕО: 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, "Осол гаргачхаад даатгалын компани нь цагдаа ирэхийг хүлээгээд дунджаар 40 минут зогсдог. Түүнийг цахимаар шийдэх гэсэн зохиццуулалт уу. Үүнийг хийснээр түгжрэлийг хэдэн хувь бууруулах тооцоо байгаа вэ" гэв. 

Хотын дарга Х.Нямбаатар, “Жолоочийн хариуцлагын тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол үндсэн агуулга нь тэр. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрүүл мэнд гэмтсэн тохиолдолд цагдаагийн дуудлагын бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийгээд араас нь даатгалын компани ирж дүгнэлтээ гаргаад явах хооронд нэг ослын дуудлага дээр ойролцоогоор 40 минут эгнээ түгждэг гэсэн судалгаа байдаг. Өчигдөр жишээлбэл хиймэл оюун ухаан бүхий системээр өдөрт хэдэн машин улаанбаатарт орж байгаа болон хэдэн машин зөрчил гаргаж байгааг тоолсон. Долдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нийт 554 мянган машин осролцсоноос 44 мянган машин хөдөө орон нутгийн машин байна. 22 мянган машин нь татвараа  төлөөгүй бол техникийн үзлэгт ороогүй 10 мянган машин хөдөлгөөнд оролцсон. Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй 22 мянган машин, 100 мянган төгрөгөөс дээш торгууль төлөөгүй 5 мянган машин замын хөдөлгөөнд оролцож, 458 мянган зөрчил илрүүлсэн байна. Үүний тодорхой хувь нь ослоос шалтгаалсан гэж үзэхэд түүний тодорхой хувь нь зам дээр 30-40 минутаар түгжрэл үүсгэж байгаа. Иймд хоёр машин хоорондоо шүргэлцлээ гэхэд шууд тохиролцоод замын камерын хяналтын систем дээр нотлох баримтаа цуглуулаад даатгалын компани дээр асуудлаа шийдвэрлэе гээд хөдөлж явах зохицуулалт байгаа юм. Хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд шууд цагдаагийн байгууллага ирнэ. Бусад тохиолдолд шууд хөдлөөд явна. Хөдлөхдөө дэд төвийн хяналтын камерт өртсөн эсэхээ тодорхойлдог систем рүү шилжиж байгаа. Ингэснээр заавал даатгалын компани, цагдаа хүлээж, зам түгжрүүлдэг асуудал байхгүй болно" гэлээ.