ОБЕГ: Улсын хэмжээнд 11 ой, хээрийн түймэртэй байгаагаас долоон түймрийг цурамд оруулсан байна

ОБЕГ: Улсын хэмжээнд 11 ой, хээрийн түймэртэй байгаагаас долоон түймрийг цурамд оруулсан байна

Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 11:00 цагийн байдлаар 11 ой, хээрийн түймэртэй байна. Үүнээс долоон түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна. 

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Сүүлийн тав хоногийн хугацаанд /2025.06.25-30/Булган, Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт  22 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдэж, 12 ой хээрийн түймрийг унтраасан. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Алтанбулаг сумдад гарсан түймрийг цурамд оруулаад байна. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг сумдад гарсан нийт дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-аас 542 албан хаагч ажиллаж байна. Мөн орон нутгийн иргэд, төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Түймэр гарсан Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудад бороо орж байгаа ч аянга цахилгаан гарсаар байна. Цаашид түймрийн эрсдэл хэвээр байна. Иймд иргэд галын аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй" гэв.