АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас БНХАУ-ын иргэн Жан Ю-тэй холбоотой мэдээлэл хайж, түүнийг илрүүлэх, байршлыг тогтооход туслах мэдээлэлд 10 сая ам.доллар хүртэлх шагнал олгох боломжтойг мэдэгдлээ.
Тодруулбал, АНУ-ын Төрийн департаментын “Шударга ёсны төлөөх шагнал” (Rewards for Justice) хөтөлбөр нь АНУ-ын чухал дэд бүтцийн эсрэг кибер халдлага үйлдсэн, Компьютерын луйвар болон хүчирхийллийн тухай хуулийг зөрчсөн, гадаад улсын засгийн газрын чиглэл, хяналтаар ажиллаж буй этгээдийг илрүүлэхэд туслах мэдээлэлд 10 сая ам.доллар хүртэлх шагнал олгоно. Тус хөтөлбөрөөр БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамны Шанхай дахь Төрийн аюулгүй байдлын товчооны даалгавраар ажилладаг Shanghai Firetech Information Science and Technology Company, Ltd компанийн захирал, БНХАУ-ын иргэн Жан Ю-гийн талаар мэдээлэл цуглуулж байна. БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яам болон Шанхай дахь тус товчоо нь гадаад тагнуул, улс төрийн аюулгүй байдал, дотоодын аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юм. АНУ-ын талын мэдээлснээр, 2020 оны эхэн үеэс Жан Ю болон түүний хамтрагч, тухайн үед Shanghai Powerock Network Co. Ltd компанийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Сюй Зэвэй нар АНУ-ын их сургуулиуд болон дархлаа судлал, вирус судлалын тэргүүлэх эрдэмтдийн COVID-19-тэй холбоотой судалгааны мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрч, нууц мэдээлэл хулгайлсан байна. Мөн 2021 онд Жан Ю, Сюй Зэвэй нар Microsoft Exchange Server-ийн эмзэг байдлыг ашигласан кибер халдлагад оролцсон гэж АНУ-ын тал мэдэгджээ. HAFNIUM нэрээр танигдсан уг халдлага дэлхий даяар олон мянган компьютерт нөлөөлсөн бөгөөд хохирогчдын дунд АНУ-ын нэгэн их сургууль, хуулийн фирм багтсан байна. Сюй Зэвэйг Италийн хууль сахиулах байгууллага баривчилж, 2026 оны дөрөвдүгээр сард АНУ-д шилжүүлэн өгсөн бол Жан Ю одоогоор баривчлагдаагүй байгаа аж. АНУ-ын талын мэдэгдэлд БНХАУ төрийн оролцоогоо нуун далдлахын тулд хувийн компаниуд болон гэрээт кибер мэргэжилтнүүдийн өргөн сүлжээг ашиглан мэдээлэл хулгайлах, кибер халдлага үйлдэх ажиллагаа явуулдаг гэж дурджээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.