Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлэг өнөөдөр /2025.06.23/ Төрийн ордонд эхэллээ.
Энэ удаагийн уулзалтаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр талуудын хамтын ажиллагааны туршлага болон нийтлэг зорилгод тулгуурлан хүний эрхийн олон улсын гэрээ, механизмын талаар хэлэлцэх юм. Уулзалт хэлэлцүүлгийг нээж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар үг хэлж, Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээ дэвшүүлэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Тэрбээр, хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийг сайжруулах, түүнд тавих парламентын хяналтыг тогтмолжуулах үүднээс “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2024 онд баталлаа. Мөн 2024 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад "Олон Улсын гэрээний тухай хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан олон улсын гэрээний биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг хоёр жил тутам", "Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн биелэлтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг тухай бүр" Улсын Их Хурлаар хэлэлцэх зохицуулалтыг тусгаад байна гэлээ.
Энэхүү хэлэлцүүлгийг Олон улсын парламентын холбоо (IPU), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эрхийн хороо (CEDAW), Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй нь парламентын хүний эрхийн үүргийг илүү гүнзгий, бодит түвшинд авч үзэх, улс орнуудын сайн туршлага, арга зүйг харилцан хуваалцах үнэт боломжийг бидэнд олгож байна хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар онцлов. Тэрбээр, Хоёр өдрийн энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд бид дараах гурван тулгуур асуудлыг хөндөж байна.
Үүнд:
Нэгдүгээрт, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн талаарх ойлголт, оролцоог тэлэх тухай. Монгол Улс 2025 оны 11-р сард UPR-ын үндэсний илтгэлээ хамгаалах гэж байгаатай холбогдуулан парламентын оролцоог идэвхтэй болгож, хяналт, төлөөлөл, шийдвэр гаргалтдаа тусгахаар ажиллаж байгаа нь шинэ шатанд гарч байна.
Хоёрдугаарт, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн хэрэгжилтийг хангах парламентын үүрэг. Монгол Улс CEDAW-ийг 1981 онд соёрхон баталсан анхдагч улсуудын нэг бөгөөд манай улс хамгийн сүүлийн байдлаар 2022 оны тайлангаа хамгаалаад байна. Тус конвенцийн хэрэгжилтийг хянахад парламентын оролцоо хязгаарлагдмал байсаар ирсэн тул энэ тал дээр бид шинэчлэл, хариуцлагын механизм, бодлогын нэгдмэл байдлыг хангах шаардлагатай.
Гуравдугаарт, 2023 онд Монгол Улсын Их Хурлаас хийсэн парламентын өөрийн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудал. Монгол Улсын Их Хурал нь НҮБ болон Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж, дүгнэлтүүдийг судлан үзэж, тэдгээрийг хууль тогтоох үйл ажиллагаандаа бодитойгоор тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиглэлээр тууштай ажиллаж ирсэн. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооноос олон улсын байгууллагуудтай хамтран “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент”-ын үнэлгээг хийж, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулсан нь бидний хувьд чухал ахиц болсон билээ.Тус үнэлгээ нь парламентын хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх чадавх, оролцоог сайжруулах олон талт зөвлөмж гаргасан. Энэ бол бидний өөрсдийн тогтолцоонд хийсэн дотоод толь байсан. Харин одоо бид тэр толинд туссан ойлголтыг бодит ажил хэрэг болгох үүрэгтэй гэв.
Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээндээ, Монгол Улс ардчилалд шилжих замналаар замнаж, сүүлийн гуч гаруйхан жилийн хугацаанд ард түмний хүсэл зоригт нийцсэн институцийг байгуулан бэхжүүлж, хүртээмжтэй, хариуцлагатай, хүний эрхэд суурилсан засаглалын үнэт зүйлсийг дээдэлдэг парламенттай болсон. Өнөөдөр Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоох байгууллага байхаас гадна Монгол Улс хүний эрх, ардчилсан засаглалыг тууштай эрхэмлэж байгаагийн илэрхийлэл болж байна. 2024 оноос хойш Монгол Улсын Их Хурал ард түмнийхээ төлөөллийг илүү хангах болсны зэрэгцээ дөрвөн гишүүний нэг нь эмэгтэй гишүүн байна. Мөн та бүхэн цаашид энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллах гэж байгаад баяртай байна гэлээ.