Д.Сайнтод: Хүмүүс намайг хараад таньдаггүй ч яриад эхлэхээр “Нөгөө араажив чинь амьдаараа ирчихлээ” гээд сүйд болдог /ВИДЕО/

Д.Сайнтод: Хүмүүс намайг хараад таньдаггүй ч яриад эхлэхээр “Нөгөө араажив чинь амьдаараа ирчихлээ” гээд сүйд болдог /ВИДЕО/

Та бүхэнд Хөхөгчин хэмээх модон могой жилийн сар шинийн баярын мэндийг айлтган дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Бид сар шинийн баярын өдрийг тохиодуулан 91 жил үзэгчдийнхээ амар мэндийг айлтган мэндилж, төрийн дуу хоолой болж өглөө бүр айл гэрийн хойморт мэдээ мэдээллийг шууд дамжуулан хүргэдэг Монголын радиог онцолж байна.

Монголын радио анхны эфирээ цацсанаас хойш 91 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй. Өдгөө есөн нэвтрүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдний нэг нь МУСТА Д.Сайнтод юм. Түүний хувьд өөрийн хоолойгоороо уншигч сонсогч олны чихэнд хэдийнээ хоногшин үзлдсэн нэгэн. Түүнийг сонсогчид нь хараад танихгүй ч яриад эхлэхээр таньж, ямар залуу хүн байдгийг нь гайхдаг гэнэ. Сар шинийн баярыг тохиолдуулан Монголын радиогийн нэвтрүүлэгч нар сар шинээр хэрхэн ажилладаг талаар болон Д.Сайнтод гэх монгол түмний чихэнд хоногшин үлдсэн хоолойны эзэн эрхмийн талаар ярилцсан ярилцлагыг та бүхэн хүлээн авна уу.

ВИДЕО:

-“САР ШИНИЙН БАЯРААР РАДИОГИЙН НЭВТРҮҮЛЭГЧ НАР АМРАЛТГҮЙ АЖИЛЛАДАГ”-

-Танд юу түрүүнд сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Та сайхан шинэлж байна уу?

-Сайхан шинэлж байна. Сайхан шинэлж байна уу?

-Сайхан. Монголын радио 91 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явууллаа. Харин сар шинийн баярын энэ өдрүүдэд радиогийн хөтлөгч нар хэрхэн, яаж ажиллдаг талаар яриагаа эхэлье?

-Сар шинийн баярын өдрүүдэд танай ярилцлагаар сонсогчидтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Уран бүтээлийн байгууллага учир Сар шинийн баяр гэлтгүй бүх баярын өдрүүдэд  тасралтгүй ажилладаг. Монголын радио маань 91 жилийн турш нэг ч зогсолтгүй ажилласан байна. Ихэнх эфир шууд явдаг учраас бид ээлжээр ажилладаг. Тэгэхээр шинийн 1, 2, 3-н хэдий амралтын өдөр байсан ч бид ээлжээр ажлаа хийгээд 17 цагийн эфирээ сонсогчиддоо хүргэсээр байна.

-Таны төрж өссөн нутаг хаанах вэ? Цагаан сарын баяраар нутаг руугаа явж амждаг уу?

-Баяр ёслолоор бид дандаа л ажилтай байдаг. Тухайлбал наадмаар төв цэнгэлдэхдээ ажиллана. Эх орон даяар радиогоо шууд дамжуулна. Дараа нь мэдээж ээлжээр амраад нутаг руугаа явалгүй яах вэ. Өнөөдөр сар шинийн эхний өдөр учраас радиогоор шууд нэвтрүүлэгтэй байлаа. Шинийн 1, 2-нд ажиллаад миний хувьд шинийн 3-наас амраад нутаг руугаа явна. Би чинь Хэнтийн Гал шарын хүн шүү дээ. Багаасаа адуутай их ойр байж, хурдан морь унаж, тал нутагт гийнгоо хадаж өссөниййх ч юм уу юмуу дуу хоолой их өөр гэж л залбирч, санаж явдаг даа.

-Таныг сонсогчид өглөөний радиогоор нь их сайн мэднэ. Ер нь таны хувьд радиогийн салбартай хэзээнээс холбогдож байв?

-Намайг оюутан байхад анх н.Наран-Амгалан багш маань “Радиод ор. Нэвтрүүлэгч бол. Тэгээд дамжаад өгүүлэхүйн урлаг, уран уншлага руу ор” гээд 1998 онд радиод өөрөө хөтөлж авч ирж байлаа. Тэр үед би оюутан байсан. Тухайн үед одоогийнх шиг гурван сар ч юм уу дадлагажаад орчихдоггүй байж л дээ. Удаан хугацаанд дадлагжиж, дагалдана. Угаас нэвтрүүлэгч гэдэг нь шавь сургалтаар бий болдог. Яг дагаж, суралцаж, олон жил зарцуулж байж сая нэвтрүүлэгч болно. Миний хувьд 2002 онд Монголын радиодоо жинхлээд одоог хүртэл ажиллаж байна даа.

-“БАГААСАА НОМ УНШИЖ АЛДААГҮЙ, БҮДРЭХГҮЙ УНШИЛТЫГ ӨӨРТӨӨ СУУЛГАСАН”-

-Ер нь радиогийн сонгомол уншилт, цээл сайхан хоолой хүн бүрт заяагаад байхгүй. Гэхдээ төрөлхийн дуу хоолой байхаас гадна ихээхэн хөгжүүлж, дадлагажих хэрэгтэй байдаг байх. Тийм үү?

-Би ер нь бүр жаахан байхаасаа их уншдаг хүүхэд байсан юм билээ. Өөрөө ч сайн мэддэггүй шүү дээ. Хүмүүс ярьж байхыг сонсох нь ээ номыг бүтэн цээжилчхээд, толгойг нь буруу харуулж бариад хүмүүс орж ирэхээр уншиж өгөөд байдаг байсан гэнэ лээ. Тэгэхээр би их жаахан байсан байгаа юм. Тэгээд сургуульд орсон. Тэр үед минутын уншлагын уралдаан гэж болдог байлаа. 3-р ангиас 8-р анги хүртэл олон жил тасралтгүй минутын уншлагад түрүүлсэн баярын бичиг хадгалагдаж байдаг. Нэвтрүүлэгчийн гол шалгуур нь цагааширсан, алдаагүй, бүдрэхгүй уншилт байдаг. Тэгэхээр миний энэ уншилт надад их багаас маань суусан байгаа юм. Мөн дотуур байранд байдаг байлаа. Байрныхаа хүүхдүүдэ үлгэр домог их ярьж өгнө. Тэгэхдээ зүгээр ярихгүй. Мангас бол мангас болоод, амьтан бол амьтан болж хувирч уншиж өгдөг байсан. Тэр бүхэн минь их сайн үндэс суурь болж байж гэж л боддог доо.

-Таны дуу хоолой радиогоор дамжуулан Монголын ард түмний чихэнд хоногшин үлдэж л дээ. Ер нь хоолойны өнгө, темберээсээ болж радиогийн нэвтрүүлэгч гэх мэргэжлийг сонгосон уу?

-Багаасаа л радио сонсдог байлаа. Аав ээж маань ч радио их сонсоно. Яасан сайхан дуу хоолойтоо хүмүүс вэ л гэж боддог байсан. Гэхдээ нэвтрүүлэгч гэдэг их шалгуур өндөртэй л дөө. Дуу хоолой тод чанга байхаас гадна өгүүлэхүйн эрхтний бүрэн бүтэн байдал мөн өөрийн төрмөл дуу хоолой нэн тэргүүнд тавигдах шаардлага байлгүй яах вэ. Бид чинь байгалиос өгөгдсөн төрмөл дуу хоолойгоороо л байгаа шүү дээ. Түүнээс биш хоолой тавиулна гэж байхгүй. Нэгдүгээрт төрмөл сайхан дуу хоолой шаардлагтай. Хоёрдугаарт төв халх аялгаар ярьдаг байх үндсэн шаардлагыг тавьдаг. Дээр үед 500-аас нэг хүнийг, 800-аас гурван хүнийг шалгаруулж авдаг тийм чанга шалгууртай байлаа шүү дээ.

-“РАДИОГИЙН НЭВТРҮҮЛЭГЧ Д.САЙНТОД ЧИНЬ ИЙМ ЗАЛУУХАН ХҮН БАЙСАН ЮМ УУ ГЭЭД ГАЙХДАГ”-

-Өнөөдөр сар шинийн эхний өдөр. Таны хувьд бага насандаа сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байв?

-Ихэнхдээ хөдөө байдаг байсан. Морио их сайхан гоёчихоод өөрийгөө ч гоёж аваад л айлууд хэснэ. Ёстой л нэг шинэлэх шиг болно шүү дээ. Өвөр дорохноо дүүрнэ. Гэртээ ирж өврөө юүлчихээд л гараад явна. Тэгж л баярладаг байж дээ.

-Сонсогчид 22 жил таны дуу хоолойг л сонсож андахгүй мэддэг болсон. Хараад таньдаг болов уу?

-Сонсогчид ихэнхдээ л дуу хоолойгоор маань сонсож мэддэг дээ. Бид нар чинь юм хөтөлнө. Орон нутагт томилолтоор ажиллана. Тэгэхээр сонсчихоод “Д.Сайнтод чинь ийм залуухан хүн байсан юм уу” л гэдэг дээ. Том бүдүүн дуутай болохоор хөгшин хүмүүс л гэж боддог байсан юм шиг байгаа юм. Монголын радиод одоогоор 20-оод хүн ажиллаж байгаа. Нийт 9 нэвтрүүлэгч ажиллаж байна. Дээр үед зөвхөн эрэгтэй нь гэхэд л 10 нэвтрүүлэгч байлаа шүү дээ.

-Таны өрөөнд байгаа зургуудаас харахад радиогийн алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байж. Ямар мэргэжил эзэмшээд хэн таныг энэ салбарт оуулав?

-Кино урлагийн “Бэрс” гээд дээд сургуульд жүжичгин мэргэжлээр суралцсан. Тэгэхэд залуу ч байж. Тайз дэлгэцийн жүжигчин болоод л дэлгэцээр гарч, од л болох юм бодож байгаа шүү дээ. Одоо бодоход тэр үед н.Наран-Амгалан багш маань их мундаг чиглүүлж, шавиа их сайн мэдэрсэн байна. “Чамд ийм сайхан дуу хоолой, зөв сайхан аялга байна. Одоо нэвтрүүлэгч л болмоор байна” гээд л би чинь зугтаагаад. Дэлгэцийн уран бүтээл, тайзны жүжигт л тоглох юм бодож байгаа шүү дээ. Тэгээд 1996 онд намайг оюутан байхад багш маань өөрөө хөтөлж авч ирж, П.Цагаан гэж мундаг найруулагчид өгч байлаа. Тэгээд л өөрийн эрхгүй сонирхсон доо. Би хамгийн азтай нь алтан үеийнхний мундаг найруулагч нар байхад мөн Г.Чулуунбат, Г.Отгон, Д.Билгээ ч гэх алтан үеийн нэвтрүүлэгч нар ажиллаж байх үед амжиж орсон. Тэд нараас их ч зүйлийг сурсан. Монголын аль ч тайзан дээр очсон, шүлэг, зохиол уншсан гологдохгүй яваа нь тэр хүмүүсийн минь ач гэж боддог. Радио өөрөө хүнийг ингэж гоё сургадаг. Хүссэн хүсээгүй сурдаг. Монгол төрийн дуу хоолой болсон сонгомол уншилтыг өвөлж чадаж байна гэмээнэ нэвтрүүлэгчийн шаардлага хангадаг даа. Нэвтрүүлэгч гэдэг үгэнд би их харам байдаг. Дээд сургуулийн дөрвөн жил сурч, ахиад олон жил ажиллаж, дадлагажиж байж дөнгөж нэвтрүүлэгч гэж хэлэгдэх дайтай болдог юм шүү дээ.

-“ТӨРИЙН ДУУ ХООЛОЙ БОЛСОН СОНГОМОЛ УНШИЛТТАЙ НЭВЮТРҮҮЛЭГЧ НАРЫГ ҮЕИЙН ҮЕД БЭЛДЭЖ БАЙХ ЁСТОЙ”-

-Одоогийн залуус радио сонсох нь харьцангуй багассан байна. Хөдөөгийн хүмүүс маань их сонсдог байх тийм үү?

-Хөдөө л их таньдаг шүү дээ. Таних ч юу байх вэ. Яриад эхлэнгүүт л мэднэ дээ. Манай Цэдэндамба гуай тэгж байсан гэнэ лээ. “Би бол айлын гадаа очоод нохой хорь гэхэд л намайг мэднэ” гэж. Яг л тэрэн шиг хараад мэдэхгүй шүү дээ. Яриад эхлэхээр л “нөгөө Даваажавын Сайнтод чинь энэ юм байна гэдэг. Сонсогчид ер нь радиогийн нэвтрүүлэгч нарыг овог нэрээр нь мэддэг шүү дээ. Гайхалтай. Нэг сонгуулиар нэр дэвшигчтэй хөдөө явж байсан юм. Тэгээд хэд хэдэн сумдаар явсны дараа нөгөө нэр дэвшигч маань “Д.Сайнтод оо уулзалт болгоны дараа сонгогчид чам руу яваад байх юм. Араажив амьдаараа ирлээ. Нөгөө Д.Сайнтод гэдэг нь энэ юм байна гээд л араажив яриад чамайг яриад л 30, 40-өөрөө чам руу явчих юм. Чи ер нь бага ярьж, бага гар. Болж өгвөл хөшигний цаанаас миний талаар ярь” гэж хэлж байсан юм. Радиог 90 жил сонсчихсон хүмүүс тийм сайхан хүлээлттэй байдаг юм билээ.

-Өрөөний тань хананд үе үеийн радиогийн нэвтрүүлэгч нарын их сайхан зураг байх шиг байна?

-Бид чинь ил гардаггүй, дандаа далд фронтод ажилладаг хүмүүс байдаг. Одоо харин зарим тохиолдолд ил гарах шаардлага тулгарсан. Тийм болохоор бид ил гарч контент хийсэн юмнуудаа дурсгал болгож хадгалдаг юм.

-Та радио нэвтрүүлэгч нарыг олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд бий болдог гэлээ. Одоо үед тэгж шаргуу хөдөлмөрлөж, нэвтрүүлэгч болох хүсэлтэй залуус хэр их байна?

-Төрийн дуу хоолой болсон сонгомол уншилттай дуу хоолой бол Монголын радиод үеийн үед байх ёстой. Иймд энэ дуу хоолойг үе үедээ л бэлдэж ирсэн. Мэдээж олон жилийн шавь сургалт, шаргуу хөдөлмөрөөр бий болдог мэргэжил. Гэхдээ цаг үеэ дагаад өөр болжээ. Яалт ч үгүй сонгомол уншилттай хүүхдүүд бэлдэх гэхээр орчин үеийн залуучууд маань ямар болж байгаа билээ. Энэ мэргэжил бол маш их цаг зав, шаргуу хөдөлмөр шаарддаг ажил шүү дээ. Тэгэхээр зарим нь цааргалах юм. Зарим нь зүрхшээх юм. Гэхдээ сайн хүүхдүүд ч байна. Ирж л байна. Яаж хоолойгоороо хүмүүсийн сэтгэлд хүрч, үсийг нь бостол айлгаж, эсвэл инээлгэх  юм гэдэг шиг бид нарын хоолой яаж хүрнэ тэр хүмүүст тэгж л хүрнэ. Тэгэхээр илүү илүү уран чадварыградио өөрөө шаарддаг.

-“САР ШИНИЙН БАЯРЫН ЭНЭ ӨДӨР УРЬДЧИЛАН БЭЛДСЭН БАЯРЫН НЭВТРҮҮЛГҮҮД СОНСОГЧДОД ХҮРНЭ”-

-Сар шинийн эхний энэ өдөр Монголын радио сонсогчдодоо юу бэлдсэн бол?

-Өнөөдөр Монголын радио сар шинийн урьдчилж бэлдсэн нэвтрүүлгүүдээ хүргэнэ. Мөн сар шинэтэй холбоотой дуу хөгжим, ая дууны мэндчилгээ хүргэнэ. Мөн сонсогчидтойгоо ярилцаж, дуу хоолойг нь Монголын дөрвөн зүг, найман зовхист хүргэдэг Хүсэлтийн хариу нэвтрүүлэг гурав, дөрвөн шууд нэвтрүүлгээр хүрнэ.

-Нийт сонсогч, ард олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Шинэ гарч байгаа могой жилдээ Монголын радиогийн сонсогчид та бүхний минь гэрт ерөөл буяны даллагатай аялгуу сайхан дуу хуур эгшиглэж, эд малаар арвин, идээ ундаа халгин байхын учир ерөөлийг айлтган мэндчилж байна. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Монголын радиотой 91 жилийн турш хамт байсан үзэгч та бүхэндээ их баярласнаа илэрхийлье.

Ярилцсан танд баярлалаа.

Мөн бид үргэлжлүүлэн Монголын радиод Д.Сайнтод нэвтрүүлэгчийн алтан партнер гэгдэх  Монголын радиогийн нэвтрүүлэгч С.Баянжаргалтай цөөн хором ярилцлаа.

Тэрбээр “Даваажавын Сайнтод нэвтрүүлэгч бид хоёр нэг оны цэргүүд гэдэг шиг нэг онд Монголын радиод орсон нэг багшийн шавь нар байгаа юм. Д.Сайнтод маань надаас дүү л дээ. Манай багш Г.Отгон гавьяат тухайн үед “Д.Сайнтод чамаас дүү. Гэхдээ ажил мэргэжлийн хувьд амьдралын хувьд ч байж магадгүй чамд их түшигтэй хүн шүү” гэж хэлж байсан. Бид 2003 оноос өнөөг хүртэл хамт ажиллаж, алтан партнер болсон. Д.Сайнтодыг манай нэвтрүүлэгшчид “Тод магнай торгон жолоо” гэж хочилдог. Хочлох ч юу байх вэ. Би тэр нэрийг нь өгчихсөн юм. Яг нэр шигээ Д.Сайнтод маань их чамбай, сайн нэвтрүүлэгч. Арын фронтод ажиллдаг радио нэвтрүүлэгч биднийг алдаршуулж байгаа танай хамт олонд маш их баярлалаа. Зон олон минь сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэсэн юм.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө