Монгол, Турк улсууд "түншлэл"-ээ гурван шат ахиулан "стратегийн түншлэл"-д хүргэж, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан манай улсад "хариу айлчлал хийнэ" гэдгээ мэдэгдлээ

Монгол, Турк улсууд "түншлэл"-ээ гурван шат ахиулан "стратегийн түншлэл"-д хүргэж, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан манай улсад "хариу айлчлал хийнэ" гэдгээ мэдэгдлээ

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд “Монгол ялна” уриатай өрсөлдөж, ялалт байгуулсан Х.Баттулга 2017-2021 оны хугацаанд “ихэнхдээ бүс нутгаар айлчилж байгаа нь Монгол Улсын олон улсын тавцанд олж авсан нэр хүндийг доройтуулж байна” гэж олон улсын BTI /Bertelsmann Stiftung/ судалгааны төв “өөрчлөлтийн индекс 2020” тайландаа дурдаж байлаа.

Учир нь Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017-2021 оны хугацаанд ажиллахдаа Унгарын нийслэл Будапешт, Азербайжаны Баку хотуудад болсон жүдо бөхийн тэмцээнүүдийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хамт үзэж, түүнтэй хувийн шугамаар уулзаж, мөн 2018 онд АНУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Д.Трампад хандаж, “Оросын  Сибирь шатаж байна. Та В.Путин ерөнхийлөгчтэй утсаар яриач” хэмээж байв.

-МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА, ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО ДАХИН СЭРГЭЖ ЭХЛЭВ-

Товчхондоо,  Х.Баттулга олон улсын форум, НҮБ-ыг тун бага сонирхож, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд ч огт оролцдоггүй байсан ч “Монгол Улсын сүүлийн 30 жилийн хугацаанд гадаад харилцаандаа олсон амжилтууд”-ыг үгүй хийж байсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 10.1-д, “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гэж заасан. Хэрэв өдгөө Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол, Үндсэн хуулийн энэ заалт зөрчигдөж магадгүй байсан.

“Халхын заяа их” гэгчээр 2021 онд Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болсноор Монгол Улсын гадаад харилцаа, гуравдагч хөршийн бодлого дахин сэргэж эхэлсэн гэж болно. 

Тодруулбал,  2021 оноос эхлэн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах болсноор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Ромын пап Францис, Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, Лаосын Ерөнхийлөгч Т.Сисүлит, Словенины Ерөнхийлөгч П.Мусар, Бутаны хаан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев гээд дэлхийн нөлөө бүхий эрхмүүд манай улсад төрийн айлчлал хийж, монгол орныг дэлхийн хүн төрөлхтөн харах байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц, Вьетнам зэрэг нөлөө бүхий орнуудад төрийн айлчлал хийсэн бол Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны урилгаар тус улсад өнгөрөгч долоо хоногт төрийн айлчлал хийлээ. 

-МОНГОЛ, ТУРКИЙН “ТҮНШЛЭЛ” ГУРВАН ШАТ ДАХИН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ ХҮРЭВ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад хийсэн айлчлалын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улсын Засгийн газар, байгууллага хооронд боловсрол, байгаль орчин, соёл, эрүүл мэнд, гадаад харилцаа, зам тээврийн салбарт хамтран ажиллахаар нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан бол Монгол, Турк улсын хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай “Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зуржээ. 

Тодруулбал,  2004 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди Турк улсад айлчлах үеэрээ “Иж бүрэн түншлэл” байгуулах тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр тус улстай харилцаагаа ахиулж Монгол, Турк улсын хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай “Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан юм. 

Манай улс түншлэлийн 10 үе шаттай харилцаатай бөгөөд доод шатнаас нь эхэлбэл, 1. Тэгш эрхтэй түншлэл, 2. Хамтын ажиллагааны түншлэл, 3. Харилцан нөхсөн түншлэл, 4. Сайн хөршийн түншлэл, 5. Өргөтгөсөн түншлэл, 6. Иж бүрэн түншлэл, 7. Өргөтгөсөн иж бүрэн түншлэл, 8. Өргөн хүрээтэй түншлэл, 9. Стратегийн түншлэл, 10. Иж бүрэн стратегийн түншлэл юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “стратегийн түншлэл” тогтоосон хоёр улс түншлэлээ гурван шат ахиулжээ. Ингэснээр манай улстай “стратегийн түншлэл” тогтоосон ес дэх улс нь Бүгд Найрамдах Турк Улс болж байна.

Тухайлбал, Монгол Улс нь АНУ, Япон, БНСУ, Герман зэрэг орнуудтай “стратегийн түншлэл” тогтоогоод байгаа юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болсон бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк улсад 21 жилийн дараа хийсэн айлчлал болжээ.

-ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Р.Т.ЭРДОАН МОНГОЛ УЛСАД 2025 ОНД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ МАГАДГҮЙ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркт хийсэн төрийн айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан, “Би ойрын ирээдүйд Монгол Улсад хариу айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлье” гэж мэдэгджээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад ойрын хугацаанд төрийн айлчлал хийх болсонд талархал илэрхийлье” гэж хариулсан байна.

ВИДЕО: 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Турк Улсын ерөнхийлөгч Монголд айлчлахаа илэрхийлж, энэ жилдээ хариу төрийн айчлал хийнэ гэдгээ мэдэгдсэн. Удахгүй Засгийн газар хоорондын комисс хуралдана. Туркийн гадаад хэргийн сайд манай улсад түрүүлж айлчлаад Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэлийг хангана. Өөрөөр хэлбэл өчигдөр /2025.01.17/-өөс эхлээд Туркийн ерөнхийлөгчийн Монголд хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн гэж ойлгож болно” гэсэн юм. 

-ТУРК НЬ НАТО-ЫН ЦЭРГИЙН ЭВСЛИЙН ХОЁР ТОМ УЛСЫН НЭГ-

Турк улс нь ази, европ тивийн зааг дээр оршдог, Хар далай, Газрын дундад тэнгис, Эгийн тэнгис, Мармарын тэнгисээр хүрээлэгдсэн. Хуурай газраар Грек, Болгар, Гүрж, Армени, Азербайжан, Иран, Ирак, Сири гэсэн найман улстай хиллэдэг 85.3 сая хүн амтай орон юм. Туркийн Шударга ёс, хөгжлийн нам 2002 оноос хойш 6 удаагийн сонгуульд ялж, засгийн эрхийг 22 жил тасралтгүй барьж бөгөөд тус намын дарга нь Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан юм. Турк улс нь 1980 оноос чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих зорилтыг тууштай хэрэгжүүлж ирсэн ба эдүгээ эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 17 дугаарт, Европт 6 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Харин Турк улс нь нэг хүнд ногдох ДНБ нэрлэсэн үзүүлэлтээр 2021 онд 9664 ам.доллар, 2022 онд 10,622 ам.доллар, 2023 онд 12,849 ам.доллар байсан бөгөөд 2024 оны жилийн эцэст 15,000 ам.доллар хүрнэ гэсэн хүлээлт байгааг статистикийн байгууллагаас мэдээлдэг. 

Туркийн төрийн албан хаагчдын сарын дундаж цалин 2024 оны байдлаар 40000 – 45000 турк лир буюу 1200 орчим ам.доллар, харин хувийн хэвшил дэх ажилчдын сарын дундаж цалин 20000 – 30000 орчим турк лир буюу 850 орчим ам.доллар байгаа аж.  Турк Улс 1952 онд Умард Атлантын Цэргийн эвсэл буюу НАТО-д элссэн бөгөөд 800 мянга орчим цэргийн бие бүрэлдэхүүнтэй үзүүлэлтээрээ НАТО дотроо АНУ-ын дараа хоёрдугаар ордог юм. Харин Европын холбооны гишүүн орон хараахан болж чадаагүй байгаа юм.