Ерөнхий сайд Г.Занданшатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох юм байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус хурал энэ жил ОХУ-ын Москва хотноо энэ сарын 17-18-ны хооронд болох аж. Харин МАН-ын Их хурал энэ сарын 15,16-ны өдрүүдэд болж, намын даргаа сонгох юм. ШХАБ-ын гишүүн 10 орноос гадна ажиглагч улс орнуудын Засгийн газрын тэргүүнүүд тус хуралд оролцдог. Манай улс ШХАБ-т ажиглагч улсын статустай байдаг. Уулзалтаар үндсэндээ ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцдэг.
Үүнд:
-Гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцэх.
-Хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, санхүүгийн хамтын ажиллагаа, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд-ийг авч хэлэлцэх.
-ШХАБ-ын төсөв болон хөтөлбөрүүдийг батлах.
-Төрийн тэргүүн нарын түвшний шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гэх мэт асуудлыг хэлэлцэх юм байна.