"Ноорог"-ийн О.Уламсайханыг хутгалж, хүнд гэмтэл учруулсан этгээдийг олж тогтоон, шалгаж эхэлжээ

2025-11-11 12:04

"Ноорог"-ийн О.Уламсайханыг хутгалж, хүнд гэмтэл учруулсан Д гэх 38 настай залууг саатуулжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн шөнө гарсан бөгөөд тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тухайн хэрэгт холбогдсон 38 настай Д гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний 05.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд манай найзыг хутгалчихлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад 38 настай, эрэгтэй Д нь 25 настай, эрэгтэй У-тай маргалдаж улмаар мэс ашиглаж, биед нь гэмтэл учруулсан бөгөөд хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлж, холбогдогчийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

2025-11-11 10:17

"Ноорог"-ийн О.Уламсайханыг хутгалж, хүнд гэмтэл учруулсан этгээдийг олж тогтоон, шалгаж эхэлжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. 

Тодруулбал, О.Уламсайхан нь 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн байна. Өдгөө тэрбээр Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх этгээдийг олж тогтоосон бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа юм байна.

Энэ талаар О.Уламбаярын ойрын эх сурвалж, "Ноорог.мн сайтын гүйцэтгэх захирал О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн нь үнэн. Тэрээр яг одоо хагалгаанд орж байна. Уг асуудлыг хэл аманд оруулахгүй, ар гэрийнхэнд нь хүндрэл учруулахгүй гэсэндээ гадагш мэдээлэл өгөөд яах вэ гэж байсан ч аль хэдий нь сайтууд дээр мэдээлэл нь түгсэн байна.

Энэ үед О.Уламсайханы биед халдсан гэмт хэргийг хэт дэлгэрэнгүй мэдээлэх, олон нийтийн сүлжээн дэх постуудын дор бичсэн зохион байгуулалттай сөрөг сэтгэгдэл зэрэг нь сэтгэл санааны байдал нь тун хүнд байгаа ар гэрийнхэнд нь давхар дарамт болж байна. Иймд та бүхнийг элдэв таамаг, баталгаагүй мэдээлэл түгээхгүй байхыг уриалъя.

Ялангуяа түүний ар гэр, өмгөөлөгч баталсан тохиолдолд, болсон үйл явдлыг хэт сенсацжуулахгүйгээр мэдээлж, шаардлагатай тохиолдолд үзэн ядалтын үг хэллэг агуулсан сэтгэгдэл хэсгийг хааж өгнө үү хэмээн хүсэж байна. Ар гэрийнхэнтэй нь ярилцаж зөвшөөрөл авч ийнхүү пост бичсэн болно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл авах бол хөндлөнгийн эх сурвалжуудтай шууд холбогдолгүй нааш холбогдоно уу" гэжээ.