Парламент энэ сарын 15-ны өдрөөс өмнө 2026 оны төсвийн төслийг батлахаар завгүй байна. Учир нь Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар "УИХ жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батлах" гэж заасан байдаг.
Монгол Улс ирэх жилийн төсвөө өмнөх оныхоо 11 дүгээр сарын 15-ны дотор баталж, үүний дараа аймаг, нийслэл төсвөө батлах цагалвартай юм. Хэрвээ улсын төсөв хуульд заасан хугацаандаа батлагдахгүй бол аймаг, нийслэлийн төсөв гацна. Мөн төрийн төлөвлөгөөт санхүүжилт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж зогсох нөхцөл байдал руу орно гэсэн үг.
ВИДЕО:
-60 ГАРУЙ ТЭРБУМЫГ ЯМАР ХУУЛИАР АРГАЛЖ БАЙГААГ АСУУХ ГЭХЭД АСУУТ АСУУЛГАСАНГҮЙ-
Энэ дагуу парламент өнгөрсөн өдрүүдэд шахуу хуралдаж, өчигдөр /2025.11.10/ 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 1.1 их наядыг танаж, 979 тэрбум төгрөгийг багш, эмч нарын цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулж байгаа. Тэгвэл Үндэсний аудитын газраас “Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч жилээс жилд төсөв нь нэмэгдээд дуусдаггүй өнөөдрийг хүртэл сунжирч буй барилга байгууламжуудад" аудитын дүгнэлтийг гаргажээ. Ингэхдээ 1.149.462.0 наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 363.904 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 111 төсөл, арга хэмжээнээс 28 төсөл, арга хэмжээг тус аудитад хамрагдуулжээ.
Аудитад хамрагдсан дээрх 28 төсөл, арга хэмжээнээс 14 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг нэмэгдүүлэх дүнг тус жагсаалтад 66.859.4 тэрбум төгрөгөөр илүү зөрүүтэй тусгасан байна гэж аудитаас үзсэн байгаа юм.
Нэмэгдэх төсөвт өртгийг зөрүүтэй тусгасан төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс харна уу. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа " Аудит хийсэн дүнг өөрчлөх эрхгүй. УИХ-ын гишүүн ч байна уу, хэнбугай ч бай өөрчилж болохгүй. Эдгээр төслийг Барилга хөгжлийн төвөөс тооцож оруулж ирсэн. Түүнийг Үндэсний аудитын газраас хянаад оруулсан. Өнөөдөр ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг аудитаас оруулж ирсэн магадлалын дүнг оруулж ирж батлуулж байна хэмээн худал мэдээлэл хэлсэн. Гэтэл С.Магнайсүрэн даргын гарын үсэгтэй өнөөдөр ирүүлсэн бичигт "66 тэрбумын зөрчилтэй тооцоолол орж ирсэн байна" гэсэн байна. Энэ зөрчлийг ямар хуулиар аргалж, шийдвэрлэсэн юм гэдгийг асуухаар төлөвлөсөн ч УИХ-ын гишүүний асуух асуултыг бүрэн хязгаарлаж, өөрсдөө хүч түрэн хууль зөрчиж байна" гэсэн юм.


