Х.Ганхуяг: Манай намын гишүүд Х.Булгантуяагийн асуудлаар төсвийг барьцаалж байна. Ял наймаалцахгүй /ВИДЕО/

Х.Ганхуяг: Манай намын гишүүд Х.Булгантуяагийн асуудлаар төсвийг барьцаалж байна. Ял наймаалцахгүй /ВИДЕО/

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ирэх оны төсвийн зардлаас 979 тэрбум төгрөгийг хасаж, цалин, тэтгэврийн нэмэгдэлд шилжүүлсэн. Багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 740 мянга, арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 саяд хүргэх, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 15 хувиар нэмэх, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэхэд дээрх гол зардлыг гаргасан. Урсгал зардлыг бууруулахдаа төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн сан, боловсрол эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжүүлэлт, гадаад зээл, тусламжийг оролдохгүй гэсэн байдлаар 411 тэрбум төгрөг бууруулсан. Хөрөнгийн зардлыг бууруулах ажил хийгдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Ингэхдээ нийт 331 тэрбум төгрөгөөр бууруулж, 2026 онд дуусах хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлтийг оролдоогүй. Харин 2027, 2028 онд дуусах төслийн санхүүжүүлэлтийн дүнгээс 15 хувийг бууруулсан. Энэ удаад багш эмч нарын цалинг шийдсэн. 2027 онд гүйцэтгэл дээр ахиухан мөнгө тавиад шийднэ. Мөн СOP чуулганыг зохион байгуулах гэрээг хийхдээ, 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр мөнгийг нь төлөхөөр саналыг гаргаж, санал хураалгасан. Иймэрхүү байдлаар хөрөнгийн болон урсгал зардлын санал хураалтыг хийсэн. 

Гэхдээ яахав, яалт ч үгүй манай нам дээр үл ойлголцол байгаа. Энэ асуудал ажлын хэсэг болон байнгын хорооны санал хураалт дээр гарсан. Ажлын хэсэг 9 гишүүнтэй, манай намын таван гишүүн байсан. Би бол аль болох бүх талын оролцоог хангах оролдсон. Манай бүлгийг 38, 30 гэж хуваагаад байгаа. Тэр 30-аас хоёр нь ажлын хэсэгт орчхоод гараад явсан. Үлдсэн дөрвөн гишүүн нь сөрөг хүчнийх. Тэгээд санал хураахад тэдний санал хураалт дэмжигдчихсэн. Санал хураалтаараа л явна шүү дээ. Тэр санал хураалтыг зогсоохгүй яасан юм бэ. Яагаад Ардчилсан намын санал дэмжигдсэн юм хэмээн зарим нэг нь бухимдсан. Түүнийг байнгын хорооны санал хураалтаар шийдүүлэхээр оруулсан. Гэтэл байнгын хорооны санал хураалтын үеэр манай намын гишүүд ирцээс гараад явчихсан учраас Ардчилсан намын гишүүдийн дэвшүүлсэн санал дэмжигдсэн. Анзаарсан бол П.Сайнзориг, Ч.Номин, Ж.Алдаржавхлан нарын гишүүд гараад явсан. Үүнийг АН-тай үгсэн хуйвалдаж, төсөв наймаалцчихлаа гэж ярьж байна. Санал хураах үеэр манай намын гишүүдийн кноп хүрэхгүй, АН-ын гишүүдийн санал дэмжигдээд явчихаар би яах билээ. АН-ын гишүүдийг худалдаж авсан, төсөв болохгүй байна гэдэг асуудал зориуд явчихлаа. Бүсчилсэн хөгжлийн их ярьсан юм. Эх үүсвэр ч тавьсан. УИХ-ын гишүүд Х.Булгантуяагийн асуудлыг шийд, УИХ-ын дэд даргын асуудлыг шийд зэргээр барьцаалж байна. Төсвийн ажлын хэсэг ял наймаалцахгүй. Хуулиар явж байгаа юмыг төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж шийднэ гэж байхгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-ын дэд дарга уншаад л болоо гэсэн үг" гэв.

ВИДЕО: