Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.11.10) болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.
Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-ны буюу өнгөрөгч баасан гаригт хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ үед зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах нь зүйтэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан юм. Тус Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаас чиглэл өгч буцаасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан байна.
Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж улсын төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан зардалд зохицуулалт хийх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх болон бууруулах саналууд, шинээр үүсгэх Засгийн газрын өрийн хэмжээнд өөрчлөлт оруулах болон төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналууд, мөн бусад Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц нарын 16 гишүүний гаргасан төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны хэмжих нэгжийг тодорхой болгосон саналуудыг Өргөдлийн байнгын хороо дэмжсэн боловч Төсвийн байнгын хороо дэмжээгүйг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эсрэг санал өгч дэмжлээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж дууссантай холбогдуулан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-нд явуулсан гурав дахь хэлэлцүүлгийн үед Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололд нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ангиллын нэг дэх саналд үндэслэн ажлын хэсгээс гаргасан дэмжигдсэн саналуудыг төсвийн тооцоололд бүрэн тусгаж, үүнд үндэслэн бусад дэмжигдсэн саналуудтай холбоотой тооцооллыг хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх чиглэлийг хуралдаан даргалагч өглөө. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.