"Дроны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ" гэж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт мэдэгджээ

"Дроны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ" гэж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт мэдэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлал энэ долоо хоногт өндөрлөсөн. Монгол Улсын төрийн тэргүүний 20 жилийн дараа Турк улсад хийсэн айлчлалын үеэр боловсрол, байгаль орчин, соёл, батлан хамгаалах зэрэг салбарт хоёр улс хамтран ажиллах 10 орчим хэлэлцээр байгууллагдсан.

Тодруулбал, айлчлалын үеэр "Монгол Улсад дрон үйлдвэрлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулахаар эхний ээлжинд судалгааны ажлыг хийхээр болсон" юм. Тэгвэл Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, "Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д Төрийн айлчлал хийх үедээ дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.

Уг ажлын хүрээнд Туркийн "Байкар" компаний дэд захирал М.Килинч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ судалгааны ажлыг эхлүүлж байна.

Бидний хувьд нисгэгчгүй нисэх төхөөрөмж-дроныг батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээс гадна:

  • онцгой байдал, байгалийн гамшиг тохиолдсон үед мэдээлэл цуглуулах, тандалт хийх, гамшигийн цар хүрээ, хохирлыг тогтоох,
  • улсын хил хамгаалалт, улсын онцгой объектуудад эргүүл, хяналт хийх,
  • уул уурхайн салбарт геодези, геофизикийн зураг авалтад ашиглах,
  • байгаль хамгаалах, хортон шавьжтай тэмцэх, газрын зураг, кадастрын үйл ажиллагаанд зэрэг олон төрлөөр ашиглах, хэрэглэх боломжтой байх, ийм төрлийн дрон хамтарч үйлдвэрлэдэг байх чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт өглөө.

"Байкар" компаний хувьд олон зорилгот дрон үйлдвэрлэх талаар маш их туршлагатай, салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд холбогдох судалгаа ТЭЗҮ-г богино хугацаанд хийж дуусгахаа илэрхийллээ" гэж мэдэгджээ.