Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барихаар боллоо

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барихаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тус хуралдаанаар хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барихаар болжээ. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Өнөөдөр Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа. Засгийн газар авлигатай тэмцэх үүрэгтэй. Баялгийн шударга бус хуваарилалтад иргэд хамгийн их бухимддаг. Төрийн өндөр албан хаагчид баяжиж хөлжиж байгаатай тэмцэнэ. Иргэд шударгаар баяжиж хөлжих нь нээлттэй гэдгийг Үндсэн хуулийн 16.3-т заасан.

Засгийн газар нийт гурван удаа өршөөлийн хууль баталжээ. Үүний хоёрт нь албан тушаалтнууд буюу авлигын гэмт хэрэгтнүүд ч багтсан. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө ил багтжээ. Тэр үед улсын төсөв 6 их наяд төгрөг байсан.

Өнгөрсөн жилүүдэд өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг нь хураах ажил байнга гацсан нь хуулийн орчинтой холбоотой, зохицуулалтгүй байв. Нийтийн албан тушаалтнууд шударга бусаар хөлжиж болохгүй, энэ нөхцөлд хөрөнгийг нь хураан авах, нөхөн төлүүлэх хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэв. Засгийн газрын гишүүд дэмжсэн тул УИХ-д хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулийн үндэслэл нь Үндсэн хуулийн дээрх заалт юм. Нийтийн албан хаагчид хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол энэ хуулиар шалгаж, арга хэмжээ авна.

Авлигын тухай хуульд шударга бусаар олсон хөрөнгийг хураана гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэх процесс тодорхойгүй, хэн, яаж хураах, дараа нь юу болох нь ойлгомжгүй байв. Бид авлигын эсрэг олон улсын конвенцод нэгдэн орж, 20 гаруй жил болсон ч амлалтаа бүрэн биелүүлээгүй. Энэ хуульд “Та авлигыг мэдээлбэл таныг урамшуулна” гэсэн зохицуулалт бий. Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгийг шалгах, хураах хуультай хамт нийт 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Эдгээр нь Авлигын, Эрүүгийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд юм. Авлигын эсрэг багц хуулийг бид боловсруулж дууслаа. Өндөр албан тушаалтнуудыг хамгийн түрүүнд шалгана. Энэ төсөлтэй хамт маш их эсэргүүцэл ирнэ. Үнэхээр авлига авсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар шийтгэлээ хүлээнэ. Одоо ч эсэргүүцэл ил далд гарсаар байна. Албаны эрх мэдлээ урвуулаагүй л бол энэ хууль үйлчлэхгүй" гэв.