Төрийн банк, Монголын ногоон санхүүгийн корпораци хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Төрийн банк нь ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглахад чиглэсэн ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх боломжийг судлах, тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр, Монголын ногоон санхүүгийн корпорацитай хамтран энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих, иргэд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, олон нийтэд байгаль орчин, экосистемийн үнэ цэнийг таниулан сурталчлах зэрэг олон ажлын эхлэл болох юм. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Ц.Энхмөрөн, Монголын ногоон санхүүгийн корпорацийг төлөөлж Гүйцэтгэх захирал М.Болдоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Байгаль орчны доройтол нь Дэлхий нийтээр анхаарал хандуулж буй томоохон асуудал болоод байгаа төдийгүй Төрийн банк холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санал болгох, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр манлайлан ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.
Итгэл төгс Ногоон ирээдүй