Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 11-ний өдөр дуусна.

Тус шатны бүртгэлд цэцэрлэгийн I шатны бүртгэлээс хоцорсон, түр оршин суух хаягийн бүртгэл хийлгэсэн болон шилжилт хөдөлгөөн хийсэн хүүхдүүд хамрагдах боломжтой. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ E-Mongolia системээр цахимаар илгээх юм. Бүртгэлийн хугацаа дуусахад гурав хоног үлдсэн тул хамрагдах боломжтой иргэд хүсэлтээ тогтоосон хугацаанд багтаан илгээх шаардлагатай аж.