Улаанбаатар хотоос зүүн тийш орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын гол нэрийн хуудас, брэнд болсон газар бол "Мэлхий хад" билээ. Сая сая жилийн салхи, усны элэгдлээр бүтсэн энэхүү өвөрмөц боржин цохиог үзэж, зургаа татуулахаар гадаад, дотоодын олон мянган аялагчид Тэрэлжийг зорьдог.
Гэвч саяхан тус дурсгалт газрын хамгийн үзэмжит, яг яст мэлхий шиг харагддаг гол харууцын өнцгийг таглан цахилгааны өндөр хүчдэлийн шонгуудыг хэд хэдээр нь босгосон нь иргэд, аялагчдын дургүйцэл, бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Манай сурвалжлах баг газар дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Мэлхий хадыг зорилоо.
ВИДЕО:
-МЭЛХИЙ ХАД НЬ ДӨРВӨН ЗҮГ, НАЙМАН ЗОВХИСООС УНШИГДАХ ХЭЛБЭР НЬ ӨӨР ӨӨР БАЙДАГ ОНЦЛОГТОЙ-
Хотоос ирэх замд Мэлхий хад яг л аварга том яст мэлхий урагш мөлхөж буй мэт тодхон үзэгддэг билээ. Гэвч яг тэр зураг авдаг, байгалийн ховор бүтээлийг хамгийн тодоор мэдэрдэг хэсэгт очиход үзэгдэх орчныг нь халхалсан цахилгааны бүдүүн тулгуур шонгууд угтлаа. Агаарын шугамын утаснууд Мэлхий хадны бөгс, толгой хэсгийг дундуур нь хэрчин, урд нь босгосон төмөр баганууд байгалийн унаган төрхийг бүрэн гутааж байсан гэхэд буруудахгүй.
Мэлхий хад нь дөрвөн зүг, найман зовхисоос уншигдах хэлбэр нь өөр өөр байдаг онцлогтой. Яг доор нь очоод харахаар энгийн нэгэн хад асга шиг харагддаг бол, зөвхөн хотоос очих тэр өнцгөөс яг яст мэлхий шиг дүр төрхийг нь харах боломжтой. Яг энэ цорын ганц гоё тогтоцтой, аялал жуулчлалын стратегийн өндөр ач холбогдолтой харууцыг ийнхүү утас, шонгоор сүлжсэн нь "мэдрэмжгүй бөгөөд сэтгэлгүй" төлөвлөлтийн бэлэн жишээ болжээ. Аялагч, жуулчид алсаас зураг авахад Мэлхий хад бус, цахилгааны шон гол кадр болон үлдэж байв.

-ЯГ ЗУРАГ АВДАГ ЦЭГ ДЭЭР НЬ ИЙМ МУУХАЙ ШОН БОСГОЧИХСОН БАЙХЫГ ХАРААД ЖУУЛЧИД ХҮРТЭЛ ГАЙХАЖ БАЙНА-
Өмнө нь Мэлхий хадны ойр орчимд өндөр хүчдэлийн шон босгоход олон нийтийн шаардлагаар салбарын яамнаас буулгаж, шилжүүлэх шийдвэр гаргаж байсан удаатай.
Жуулчны хөтөч “Бид хаа байсан Европ, Солонгос, Японоос ирсэн жуулчдад ‘Монголын байгалийн гайхамшиг’ гэж үүнийг бахархан үзүүлдэг. Гэтэл яг зураг авдаг цэг дээр нь ийм муухай шон босгочихсон байхыг хараад жуулчид өөрсдөө гайхаж, ‘Яагаад байгалийн өвөө ингэж хамгаалдаггүй юм бэ’ гэж асууж байна. Мэлхий хад өөр талаасаа яг мэлхий шиг харагддаггүй шүү дээ. Ганцхан байдаг тэр гоё өнцгийг нь хаачихдаг нь яаж байгаа юм бэ?” хэмээн бухимдав.
Жуулчны тээврийн жолооч “Доор нь ирээд харахаар мэлхий шиг харагддаггүйг хүн болгон мэднэ. Яг тэр холоос тодорч харагддаг хэсэгт нь шон зоосон нь маш тэнэг үйлдэл. Цахилгаан хэрэгтэй байж болно, гэхдээ шугамыг нь арай өөр өнцгөөр, эсвэл далд байдлаар татаж болоогүй юм уу. Өчнөөн уудам газар байхад заавал энэ хадны урд таглаж шон босгож байгаа нь иргэдээ, аялагчдаа доромжилж байгаа хэрэг” гэсэн юм.
Дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдэх нь жуулчны баазуудын хувьд чухал хэдий ч, тэрхүү дэд бүтцийг татахын тулд аялал жуулчлалын хамгийн гол цөм болсон зүйлээ сүйтгэж байгаа нь “алтан өндөг гаргадаг тахиагаа нядлахтай” ижил үйлдэл юм. Байгаль, соёлын өвийг хамгаалах алсын хараагүй, түр зуурын зохицуулалт хийсэн нэр зүүдэг зарим нэгний балгаар өнөөдөр Мэлхий хад төмөр утсан дунд "хүлэгдээд" байна.
