Ахмад настнуудын эрхийг хамгаалж буй хандлагад өөрчлөлт хийхийг НҮБ уриалжээ

Ахмад настнуудын эрхийг хамгаалж буй хандлагад өөрчлөлт хийхийг НҮБ уриалжээ

Хүн ам хурдацтай хөгширч,  танин мэдэхүйн үйл ажиллагааны сулрал өссөөр байгаа нь ахмад настнуудын эрхийг хамгаалахад чиглэсэн шинэ хандлагыг бий болгохыг шаардаж байна. Энэ тухай ахмад настнуудын эрхийн асуудлаарх НҮБ-ын хараат бус шинжээч Зведан Пиртошек НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 63 дугаар чуулганд тавьсан илтгэлдээ онцлон дурдсаныг Kazinform агентлаг дамжуулан мэдээллээ.

Түүний хэлснээр, насжилт гэдгийг бие даасан байдлаа алдах, хүчин мөхөсдөх гэсэн өнцгөөс харах нь түгээмэл байгаа бөгөөд ийм хандлага нь ахмад настнуудын арчилгаа сувилгааны стандартыг бууруулж, тэдний эрхийг хязгаарлахад хүргэж болзошгүй юм.  Танин мэдэхүйн үйл ажиллагаа суларч өөрчлөгдөх нь тухайн хүний нэр төр, субъектив байдал ба үндсэн эрх нь алдагдсан гэсэн үг биш юм. Үг яриа, сэтгэлгээнд нь хүндрэл учирсан ч гэсэн ахмад настнууд өөрсдийн үнэ цэн, дадал заншил ба өөрсдийнх нь амьдралтай холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхээ хадгалсаар байдаг. Гэтэл эмнэлгийн онош нь тэдний хөдөлмөрийн чадварыг хязгаарлах үндэслэл болж буй цөөнгүй тохиолдол байгааг Пиртошек сануулан дурдлаа. Түүний хэлснээр, ахмад настнуудын төрөл төрөгсөд ба мэргэжилтнүүдийн зорилго бол бусдын өмнөөс шийдвэр гаргахад бус харин ахмад настнууд хүсэл зоригоо илэрхийлэх, бие даасан байдлаа хадгалах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршино. Үүнд төр засаг онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Насжилт ба эмнэлгийн оношоос хамааран хүмүүсийн эрхийг хөсөрдүүлж болзошгүй байгаа зарим хууль тогтоомжийг дахин хянаж үзэхийг Пиртошек уриалжээ.  

Зөвхөн клиник үзүүлэлтүүдээр бус харин ахмад настай хүн өөрийн амьдралд нөлөөлөх чадвараа хадгалж чадаж байна уу гэдгээр эмнэлгийн тусламж ба нийгмийн халамжийн үр дүнг үнэлэх ёстой хэмээн НҮБ үзэж байна.Саяхан Казахстаны Үндэсний статистикийн товчооноос мэдээлснийг Kazinform агентлаг эш татан дамжуулсныг үзвэл, 2026 оны эхний байдлаар тус улсад 65-аас дээш насны 1 сая 975 мянган хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 9.6 хувийг эзэлж байна.