Т.Аубакир: УИХ-ын гишүүн нь ялгаварлан гадуурхах фашист дэглэмийг хийж байгаад харамсаж байна

Т.Аубакир: УИХ-ын гишүүн нь ялгаварлан гадуурхах фашист дэглэмийг хийж байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сүүлийн үед Казак үндэстнийг илтэд ялгаварлан гадуурхаж, улсын эв нэгдлийг хагарган бутаргах зүйлсийг ярих нь ихэссэн. 

Өнгөрсөн даваа гарагт /2026.09.07/ УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр л гэхэд тэрбээр "Миний хувьд Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэхгүй. Харин тодорхой нэг яамдынхаа сайд нарыг солимоор байна. Жишээлбэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир сайдыг сольж өгнө үү гэж хүсч байна... " хэмээн чуулганы танхимд ярьсан байдаг. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир "Монголын парламентын түүхэнд хараар бичигдэх үйл явдлууд болж байна. Дэлхийн улс үндэстнүүдийг жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах фашист дэглэмийг УИХ-ын танхимд сууж байгаа УИХ-ын гишүүн нь хийж байгаад маш их харамсаж байна. Энэ асуудалд мэдээж хэрэг хуулийн байгууллагууд ажиллаж байгаа. Бидний аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн хандах газарт нь хандсан. Яах нь бол хууль хүчний байгууллагын асуудал" хэмээн ярьжээ.