Л.Энх-Амгалан: Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй

“Гэрт ойрхон сургууль” санаачилгын хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зардал төсөвлөсөн гэх асуудалд Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.

Тэрбээр “Гэрт ойрхон сургууль” санаачилгын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 2026 оны төсвийн тодотголд нийт 50 тэрбум төгрөг тусгасан гэдгийг хэлэв. Үүнээс 13.9 тэрбум төгрөгийг ачаалал өндөртэй байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээслэх, анги танхим тохижуулахад, 18.7 тэрбумыг бага ангийн шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтын орчныг шинэчлэхэд, 15 тэрбумыг шинээр байгуулагдаж буй төрийн өмчийн төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөжээ. Харин дээрх төсөвтэй холбоотойгоор Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд мөнгө төсөвлөсөн гэх мэдээлэл гарсан юм.

Үүнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Ийм санал хүсэлт байхгүй учраас тийм баримт гэж байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье” гэв.

Мөн төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах бодлого, түүний зорилго, үндэслэл болон ямар үр дүн гаргах талаар бүрэн дүүрэн баримтаар нээлттэй мэдээлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Хүүхдийн сурах эрх, боловсролын асуудлыг улс төржүүлж гацаахгүй байхыг хүсье. Төрөлжсөн ахлах сургуулийн ажлыг улс төржүүлбэл олон мянган хүүхэд хохирно. Улс төр биш ажил хийе. Төсвийн тоо, цэг, таслал бүрийн ард ард түмний эрх ашиг бий. Тоо бүрд эргэлзээ байгаа бол ил тод, нээлттэй, баримттай хэлэлцүүлэх ёстой” хэмээлээ.