Найман наснаасаа хөөрөг урлахыг сонирхон суралцаж эхэлсэн 117 дугаар сургуулийн 8А ангийн сурагч Б.Одням хүүтэй бид уулзлаа. Тэрбээр гар утас хэрэглэдэггүй бөгөөд ихэнх цагаа хөөрөгнийхөө урланд өнгөрүүлж, аавдаа тусалдаг. Б.Одням үе тэнгийнхэндээ гар утаснаас холдож, найз нөхөдтэйгээ амьд харилцаа үүсгэхийг уриалсан юм.
ВИДЕО:
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Бүүвэйбаатарын Одням гэдэг. Би 117 дугаар сургуулийн 8А ангид сурдаг. Манайх ам бүл дөрвүүлээ амьдардаг.
-Чамайг бид хөөрөг сонирхон суралцагч гэж сонсоод ирсэн юм. Хэзээнээс хөөрөг урлахыг сонирхож эхэлсэн бэ?
-Би найман настайгаасаа хөөрөг хийж сурсан. Ааваасаа гуйж байгаад сонирхлоороо сурсан. Гэхдээ эхлээд түлхүүрний оосор өнгөлж сурчихаад ээмэг зүүлт рүү орсон. Ээмэг зүүлт өнгөлж сурчихаад хөөрөг өнгөлж сурсан. Хөөрөг, ээмэг зүүлт өнгөлөхөд хамгийн гоё юм нь өнгөлж байгаа юм нь өнгө ороод гялалзаад эхлэхэд маш гоё байдаг.
-Хөөрөг бол үндэсний өв уламжлалын нэг хэсэг. Чи энэ талаар хэр ихийг мэдэх вэ?
-Хөөрөгний түүхийн талаар нэг их мэдэхгүй. Гэхдээ чулууг нь мэднэ. Хөөргийг хашаар хийнэ. Цагаан хаш, шүрээр хийнэ. Мана, халтар мана, харлаг мана, гартаам, пийсүү гээд янз янзын чулуу байгаа. Хатуу зөөлөн гэж олон янз байдаг. Хамгийн хатуу чулуу бол пийсүү. Хамгийн зөөлхөн нь баргилт гээд чулуу. Яарч сандарч байгаа хүн хөөрөглөхдөө толгойг нь хальт авчихаад гялс тамхилчихаад буцаадаг. Харин аажуу тайван явж байгаа хүн бол хөөрөгний доторхийг тэмтрээд тамхилаад, шинжиж үздэг.
-Саяхан чиний урласан нэг хөөргийг хүн худалдаж авсан гэж сонслоо. Ямар санагдсан бэ?
-Сайхан санагдсан. Би хөөрөг хийхдээ маш анхаарлаа төвлөрүүлж, чин сэтгэлээсээ хийдэг. Тэгэхгүй бол муухай хөөрөг хийгээд үлдээчих юм бол тэр хүнд насан туршдаа муухай хөөрөгтэй үлдэнэ. Надад ч муухай санагдана. Гоё хийчихвэл надад ч сайхан. Тэр хүн цаашид өв залгамжлаад ач зээд нь, ач зээгийнх нь хүүхдүүдэд үлдэх болохоор надад их гоё санагддаг.
-Чиний урласан ээмэг зүүлт, хөөрөг хаана зарагддаг вэ?
Манайх “Үндэс” бөөний төв дээр лангуутай. Тэнд хийсэн хөөргөө тавьчихдаг. Манай лангуу гоё чимэглэлийн лангуу болохоор хөөрөг, ээмэг зүүлт гээд миний хийсэн бараг ихэнх зүйл тэнд байдаг. Миний хийсэн хөөргийг хүн авахаар надад сайхан санагддаг. Тэр хүнд насан туршид нь үлдэх болохоор маш их баярладаг. Бидэнд бас хувь нэмэр оруулдаг. Бид хөөрөг зарсан мөнгөөрөө хөөрөгнийхөө багажийг, өрмийг, өнгөлөгчийг авдаг.
-Хөөрөг урлаж байхад юунд хамгийн сайн анхаарч ажиллах ёстой байдаг вэ?
-Хөөрөг өнгөлж байхад хөөрөг нь унаад хагарах, цав суух зэрэг асуудал үүсдэг. Хөөрөг хийж байхдаа, өнгөлж байхдаа ирмэгдүүлж барьж болохгүй. Тэгэх юм бол ховил гарчихдаг. Нийтэд нь өнгөлнө. Нэг талд нь удаан үрээд байх юм бол хэлбэр нь алдагдчихдаг. Мөрийг нь хэт өнгөлвөл мөр нь дээр доор болчихдог. Нэг газраа үрээд л байх юм бол ам нь зууван болчихно, хэлбэрээ алдана. Скиллдэж байхад удаан барьж халааж болохгүй. Хурдан хурдан гүйлгээд байх юм бол халахгүйгээр өнгөлөгдөнө. Бас яг жигд явна. Удаан бариад байвал тэр хөөрөг нь халаад хагарч магадгүй. Эсвэл цав сууна. Ухаж байхад өрмөө сул байлгаж болохгүй. Тэгэхээр өрөм нь харваад хөөргөө хагалчихдаг. Дуусчихсан өрмөөр ухах юм бол хөөргөнд цав суулгачихдаг. Өнгөлж байх явцдаа хөөргөө сул барьж болохгүй. Тэгэх юм бол хөөрөг эргэсээр байгаад хагарчихдаг. Доторхийг нь цоолж байхад далий цоолж болохгүй. Тэгэх юм бол толгой нь далий сууна. Хөөрөгнийхөө улыг хэт их татаж болохгүй. Тэгэх юм бол хөөрөг цоорох магадлалтай. Хөөрөг өнгөлж байхад гулсаад чулуун дээр унах юм бол хагарчихдаг. Би хэд хэдэн удаа тэгж хагалж байсан. Бас хөөрөг өнгөлж байхад хумс хугарчихдаг. Аав хөөргийг ирмэгдүүлж өнгөлж болохгүй шүү гэж хэлдэг. Би хэд хэдэн удаа ирмэгдүүлж өнгөлж байсан. Тэгээд тэр алдаагаа зассан.
-Хөөрөг урлахад хэр их хугацаа ордог вэ?
Өнгөлөхөд хоёроос гурав хонодог. Ер нь нэг хөөрөг урлахад хагас сар орчим хугацаа ордог. “Цагаан сар” дөхөөд ирэхээр захиалгандаа булагдаад нойргүй хонодог. Нэг удаа үүрийн зургаан цаг хүртэл ажиллаж байсан.
Одоо орчин цагт хүүхдүүдэд анхаарал сарниулах зүйл их байдаг шүү дээ. Ухаалаг утсаар тоглох гэх мэт. Гар утастай юу?
-Үгүй. Гар утас байхгүй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Хичээл тарж ирээд би хувцасаа солиод, цайгаа уучихаад наашаа/хөөрөг хийдэг урландаа/ орж ирдэг. Энд ихэнх цагаа өнгөрүүлдэг. Чөлөөт цагаараа гэрээ цэвэрлэчихээд аавд л тусалдаг. Миний хамгийн дуртай хичээл бол биологи.
-Чамайг хөөрөг урладагийг ангийнхан чинь мэдэх үү. Хэрхэн хүлээж авдаг вэ?
-Мэднэ. Манай ангид Төгстөгөлдөр гэдэг хүүхэд байдаг. Аав нь манай ааваар хөөрөг хийлгэнэ гээд гурав дөрвөн удаа хөөрөг хийлгэж байсан. Би тэрнийх нь өнгөлгөөг хийнэ. Амсрыг нь гаргаж өгнө. Улыг нь углаж өгнө. Үлдсэнийг нь аав хийсэн.
Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
Хөөргөөрөө л дагнана даа. Хөөрөг хийж өгөхийг зааж өгсөн аавдаа маш их баярлалаа. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд утаснаасаа салаад, нэгэнтэйгээ амьд харилцаа үүсгээд ярилцаж үзээрэй. Хоорондоо тоглоод, инээж хөхрөлдөөд, ууланд хамт гардаг ч юм уу, зугаалж, аялж үзээрэй.