О.Амгаланбаатар: Мөнхийн дарга байх юм шиг загнаж буй Л.Гантөмөртэй хариуцлага ярих ёстой /ВИДЕО/

О.Амгаланбаатар: Мөнхийн дарга байх юм шиг загнаж буй Л.Гантөмөртэй хариуцлага ярих ёстой /ВИДЕО/

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

ВИДЕО: 

-З.ЭНХБОЛД, С.ЭРДЭНЭЭ ГЭЖ ХАЧИН ЮМНУУД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ ИЙМ БАЙДАЛД ОРУУЛСАН-

-Та Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаас огцруулах санаачилгыг гарган бүлгийн гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Таны санаачилгыг гишүүд хэр дэмжиж байна? 

-Би зогсоосон. 

-Та намын даргынхаа яг ямар үйлдэлд шүүмжлэлтэй хандаж энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Таны энэхүү үйлдлийг намаа авах гэсэн санаархал гэж хардаж болохоор байгаа? 

-Ардчилсан нам УИХ-д цөөнх байна. Мөн орон нутгийн сонгуульд навсайтал ялагдлаа. Тиймээс намын хурлаа хийгээд нэг сайн ярилцвал яасан юм гэж байгаа юм. Монгол Улсын ардчилал гэж л яриад байдаг. Гэтэл энэ ардчилал чинь гэрийн хоёр багана шиг МАН, АН дээр тогтож байна. Өнгөрсөн найман жилд нэг нам эрх барьсаар байсан шиг байвал хүний эрхийн зөрчил, эрүүл шүүмжлэл, ард түмний дуу хоолой байхгүй болноо. Ардчилсан намын Ардын намын дагуул нам биш байхын тулд асуудлаа дотроо ярих ёстой юм. Энэ бол Монголын ардчиллын асуудал. Зарим хүмүүс намын хурлаа хийж, асуудлаа ярихыг буруугаар ойлгож мушгиад байна. "Намын хурлаа хийх юм бол Л.Гантөмөрөө огцруулна" гэж ярьж байна. Ер нь яагаад Ардчилсан нам ялахгүй байгаа юм. Яагаад Монголын ардчилал хүн зам руу яваад байгаа юм. Үүнийг бөөндөө суугаад ярих ёстой шүү дээ. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш, Монголын ардчиллын асуудал. Энэ агуулгын хүрээнд би гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Түүнээс биш Л.Гантөмөрийг огцруулах гэсэн юм биш. 

-Намын дүрмийн дагуу Л.Гантөмөрөө огцруулах ажлын эхлэл гэж харж байна л даа. Гэхдээ одоо цаг нь мөн үү? 

-С.Эрдэнээ гэж хачин нөхөр байлаа. З.Энхболд гэж хачин нөхөр байлаа. Манай Л.Гантөмөр байна. Үүнээс болж Монголын ардчилал аюулд ороод байна шүү дээ. Сүүлийн 12 жилийн хугацааны үйл явцыг харахад үнэхээр ардчилал хүнд байдалд орсон. Аливаа зүйлд хариуцлага байхгүй, мөнхийн дарга байх ёстой гэдэг агуулга чинь хуучин социализмын үед л байсан биз дээ. Үндсэндээ бол Ардчилсан намын дотоод асудлаа цэгцэлж чадахгүй бол Монголын ардчилал аюулд тулсан байна. 

-Та сайжруулъя гэж байна. Танд сайжруулчих төлөвлөгөө байна уу? 

-Бид бүгдээрээ л ярилцах ёстой. 

-Ярилцъя гэхээр ярилцахгүй байгаа юм уу? 

-Тэгэж л таараад байна. 

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар 2025 оны улсын төсвийг баталсан. Алдагдалтай, зарлага өндөртэй төсөв баталлаа. Ардчилсан нам үүн дээр шүүмжлэлтэй хандах байсан ч Засгийн газарт хамтарснаас болж тэгэж чадсангүй. Ийм алдагдалтай төсөв баталсан учраас та намын дарга Л.Гантөмөрийгөө өнөөдөр бүлгийн хурал дээрээ шүүмжилсэн гэх мэдээлэл байна? 

-2025 оны улсын төсөв дээр Ардчилсан намын бүлэг анхнаасаа шүүмжилсэн байр суурьтай байсан. Гагцхүү эхлээд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ихэнх гишүүд дэмжээд баталчихсан. Тэгэхээр одоо төсвийг нь мянга шүүмжлээд нэмэргүй. Дийлэнх нь шинэ гишүүд учраас мэдэхгүй  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 14 мега төсөл зэргийг нь дэмжсэн. Тэрэндээ тааруулсан төсвийг оруулж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр төсвийг нь дэмжихээс өөр аргагүй. Гэхдээ Ардчилсан нам Засгийн газарт хамтарсантай холбоотойгоор Ардчилсан намын бүлэг ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцэж  байх явцад Л.Гантөмөр очоод гарын үсэг зурсан шүү дээ. 

-НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ НЭЭСНЭЭР ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ-

-Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг та олон жил ярьж байгаа. Гэхдээ тэнд байгалийн дархан цаазат газар, ховор ан амьтан байна. Ховор ан, амьтны нутагладаг газарт засмал зам тавиад, боомт нээж хүн холхиулаад байх нь тэдгээр ан амьтдын амьдрах орчинд нөлөөлөх эрсдэлтэй. Та бүхэн байгаль орчны эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн үү? 

-Бүгдийг нь хийлгэнэ.  Нэгд, ямар ч алт ухахгүй. Хоёрт, Баруун бүсийн иргэд хамгийн багадаа 1700 км явж байж Замын-Үүд-Эрээний боомтод хүрч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авдаг. Харин Нарансэвстэйн боомтыг нээвэл 500, 600 км яваад Замын-Үүд-Эрээн шиг боомттой болно. БНХАУ-тай ӨвөрМонголын өөртөө засах орох, Шинжаан уйгарын өөртөө засах орон дунд нь Ганьсү гэж мужтай хиллэдэг. БНХАУ-ын өөртөө засах орнууд нь дотоод асуудал ихтэй. Ялангуяа Шинжаан уйгар нь алан хядагчид ихтэй дотоод үймээнтэй. Тэнд хилээр нь орвол юун наймаа арилжаа хийх. Хилээр нь орвол гутлыг нь хүртэл тайлуулж шалгадаг. Гэтэл баруун талынхаа боомтыг хөгжүүлж чадахгүй байж юун шинэ боомт нээх вэ гэж шүүмжилж байна шүү дээ. Тэгэхээр тэр баруун талын боомтоор арилжаа наймаа хийх ямар ч боломжгүй юм. Харин Нарансэвстэйг нээвэл их газрын хятадтай холбогдоно, томоохон хоттой худалдаа наймаа хийх юм. 

Яах вэ. Юм л бол мөнгөөр хөдөлдөг Шинжээравдаг, Отгон зэрэг хөлснийхөн ярьж байна. Тэд шантааж хийж, хэдэн цаастай болдог. Тэдний амьдрах арга нь тэр юм. Жингэр нохой хуцаж, жингийн цуваа явдаг юм. Тэд нар Говь-Алтайд нэг ч хоног амьдарч үзээгүй, тэндхийн ард түмний амьдралыг мэдэхгүй. Тэгэхээр тэд Говь-Алтайн ард иргэдийг төлөөлж чадахгүй. Би УИХ-д нэр дэвшихдээ "Энэ боомтыг нээж байж зах зээлд ойртоно. Бид нарын хувьд том боломж" ирнэ гэдгийг хэлж ойлгуулж, мөрийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Говь-Алтайн ард иргэд намайг 70 хувиар сонгосон. Энэ юу гэхээр Говь-Алтайн иргэд уг боомтыг нээхийг дэмжсэн гэсэн үг. Бүр болохгүй бол гарын үсгийг нь цуглуулаад ирнэ. Алтайчуудын хувьд болон баруун бүсийнхний хувьд сайхан амьдрах боломж байна. 

Дархан цаазат газарт нөлөө үзүүлэх боломжгүй. Хилийн дагуу засмал зам тавина. Хашаа хатгаад яг замаараа машин явуулна. Дархан цаазат газарт нэвтрэх боломжгүй шүү дээ. 

-Эдийн засгийн үр өгөөжийг нь гаргасан уу? 

-Улаанбаатараар дамжаад Замын-Үүд-Эрээний хооронд явдаг зүүн талын замыг чинь Ази-Европыг холбосон коридор гэж ярьдаг. Гэтэл баруун талд Нарансэвстэйн боомт буюу Говь-Алтайгаар дамжаад хойшоо Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд зэрэгт гурван салаа коридор нээгдэх боломжтой болоод байна. Увс аймгаас эхлээд Улаан-Үд хүртэл  2800 орчим км явж байна. Гэтэл  Говь-Алтайн урд талаас Замын-Үүд хүртэл явахад 2600 км байна. Ингэж холоор тойруулж байж ачаагаа авч байна. Хэрвээ Нарансэвстэйн боомт нээгдвэл хол тойруулах шардлагагүй. Хамгийн наад захын эдийн засгийн үр өгөөж нь энэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж, гардаг Замын-Үүд-Эрээн шиг боомтыг нь нээчихье гэж байгаа. юм. Бид хилийн дагуу нэг км коридор гаргаад боомтоо нээчихье гэсэн юм. Дархан цаазат газар, ан амьтдын нутаг нь хилийн бүсээс хол. Тэр шүүмжлээд байгаа хүмүүс "Дэлхийд ховорхон үзэсгэлэнт газар" гэж хэлээд гоё зураг үзүүлж байна лээ. Гэтэл бодит байдал дээр 90 хувь нь цөл. Нэг ч ургамал, амьтангүй цөл шүү дээ. Хятадын тал хилийн цаана  засмал замаа тавьсан. Тэнд байнга машин явж нүүрсний уурхай ажиллаж байна. Бид наанаас нь тавьчихвал холбогдоно. Энэ боомтыг өмнө нь ажиллуулаад хаасан шалтгаан нь хүмүүс Шар усны баянбүрдийг дайрч яваад байсантай холбоотой. Харин одоо замынхаа дотор талаар хашаа барьчихье гэж байгаа юм. Тэгэхээр энэ боомтод хүрэх хүмүүс зөвхөн хашаагаа дагасан замаар явж хаалганд хүрнэ. Монгол Улсад хамгийн ойр газ, нефтийн хоолой ч баруун бүс энэ боомтод ойрхон байж байгаа. 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.