Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагын нэр хүнд ихээр унаж, хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна. Энэ нь нэг талаар улстөрчдийн явуургүй мэдэгдэл, хууль хүчний байгууллагын гаргаж буй шийдвэртэй холбоотой ч нөгөө талаар улстөрчдөд таалагдах гэсэн хууль хүчний байгууллагын удирдлагуудын гаргаж буй үйлдэлтэй холбоотой. Сүүлд өрнөсөн хоёр жишээг энд дурдъя.
-З.ДАШДАВАА ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭД "ӨРӨӨ ТӨЛЖ", АТГ-ЫН НЭР ХҮНДИЙГ ШАВАРТ ХУТГАСАН УУ-
Одоогоос дөрвөн сарын өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох санал гаргаж, улмаар УИХ-аар Ерөнхий сайдын саналыг дэмжин, баталж байв. Зургаан жилийн хугацаатайгаар томилогддог АТГ-ын даргын суудалд бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллаж байсан хүн үгүй. Харин АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад зогсохгүй, дахин улиран томилогдсон нь нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Учир нь З.Дашдаваа АТГ-ын даргаар өнгөрсөн зургаан жилийн хугацаанд муу үнэлгээтэй ажилласныг олон улсын байгууллагаас дүгнэсэн байдаг.
Тодруулбал, Олон улсын байгууллагын авлигын төсөөллийн индексээр АТГ-ын дарга 100 онооноос 30 оноо авч манай улс 130 орноос 121 дүгээр байрт жагссан нь түүний муу ажилласан гэдгийг илтгэж буй хэрэг гэдгийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд онцолж байсан юм. Гэсэн ч тэрбээр хуульд заасан УИХ-ын сонсголоор бус "Ногоон гэрэл"-ээр томилогдсон. З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилогдсоноос хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүйн тансаг хэрэглээ олны анхаарлыг татаж, улмаар Ерөнхий сайдыг орлогоо нотолж, огцрохыг шаардсан иргэдийн жагсаал өрнөж эхлэв. Тиймээс ч АТГ-аас О.Тэмүүлэнг шалгаж эхэлсэн бол Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар огцруулсан байдаг.
Хачирхалтай нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улираан томилуулсан З.Дашдаваагийн толгойлдог АТГ-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг шалгаад "хууль ёсных" гэж дүгнэж орхисон.
Энэ нь "Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ" гэдэг боллоо хэмээн олон нийт АТГ-ыг буруушаан, тус байгууллагыг татан буугдах ёстой гэх байр суурийг ч илэрхийлж байгаа. Үүнийг ч буруутгах аргагүй. Учир нь АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр ажлын цаг дуусахтай зэрэгцэн хэвлэлийн мэдээ гаргаж, О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болохыг зарлаж, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд хэдэн төгрөгийг, хэдний өдөр шилжүүлсэн болохыг мэдэгдсэн явдал. АТГ өмнө нь энэ мэтээр мэдээлэл гаргаж байгаагүй. Атал энэ удаад ийнхүү мэдээлсэн нь АТГ-ын нэр хүндийг унагаж, харин үүний цаана З.Дашдаваа Л.Оюун-Эрдэнэд "өрөө төлсөн" байхыг ч үгүйсгэхгүй гэх хардлага бий. Хэрэв үгүй бол АТГ "Шувуу ажиллагаа"-гаар Монголд авчирсан Т.Бадамжунай, Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хэргээс эхлээд нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа гэгдэж байсан УИХ-ын гишүүдийн хэргийг ч мэдээлэх учиртай байсан.
-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЕРӨНХИЙ САЙДАД ТААЛАГДАХЫН ТУЛД ХОЁР ХОНОГ ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭВ-
Хуулийн байгууллагын эрх мэдэлтэй, албан тушаалтнууд, улстөрчдөд магадгүй таалагдах гэсэн үйлдэл үүгээр дууссангүй. Харин цагдаагийн байгууллагаар үргэлжлэв. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар хар тамхины асуудлыг тухайлан хэлэлцүүлж, хар тамхитай "дайн" зарлахаар болсноо дуулгасан.
Харин Цагдаагийн ерөнхий газраас дээрх шийдвэрийн дараа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий газруудад хяналт шалгалт хийж эхэлсэн байдаг.
Уг ажиллагаа өдгөө ч үргэлжилж буй. Тэд нэг өдрийн дотор гэхэд л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5-10 хүнийг илрүүлэх болсон. Энэ талаараа ч тодорхой мэдээллийг түгээж буй. Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээ Монгол Улсад энэ хэмжээнд хүртлээ газар авсан байхад холбогдох хуулийн байгууллагууд нь хаана, юу хийж байв. Тэд зөвхөн даргыг, улстөрчдийг дуугарсны дараа л тэдэнд таалагдах гэж "хөдөлдөг" болов уу. Угтаа хуулийн байгууллага гэдэг даргад таалагдах гэж бус хар дээр цагаанаар бичсэн хуулийг л хэрэгжүүлж, хуулийн хүрээнд ажиллах учиртай.