Х.Баттулга тэргүүтэй нарийн царигийг эсэргүүцэгчдээс болж Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмодны боомтыг төмөр замаар холбох ажил 16 жил гацсан.
ВИДЕО:
Үүнээс болж Монгол, Хятадын аль аль нь асар их боломжоо өнгөрсөн хугацаанд алдсан юм. Уг алдааг засахын тулд манай Засгийн газраас сүүлийн гурван жилд "Хилээ холбоё" гэх саналыг айлын талд тасралтгүй тавьсан. Тэгвэл уг саналын хариу өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр ирж, Хятадын талаас, тодруулбал “Чайна энержи” компаниас "Алдагдлаа ярихаа больё, хоёр төмөр замаа холбох боломж олгоё” гэдэг агуулга бүхий захидлыг манайд ирүүлсэн байдаг.
-ГАШУУН СУХАЙТ-ГАНЦ МОД БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОХ ТӨСӨЛ ДЭЭР ХЯТАДЫН ТАЛ "ПАРЛАМЕНТААР БАТАЛГАА ГАРГУУЛНА" ГЭЖЭЭ-
Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ долоо хоногт /2024.11.04-07/ БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр эл асуудлаар эцсийн тохироонд хүрсэн юм. Тодруулбал, Монгол, Хятадын Ерөнхий сайд нар уулзан хамтын ажиллагааны найман баримт бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон. Үүний нэг нь "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байв. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.
Тэгвэл хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэр Хятадын талаас "Өнгөрсөн хугацааны алдагдлаа ярихаа больё" гэдгийг хэлээд "Танай Засгийн газар маш тогтворгүй. Засгийн газартай хэлэлцээр байгуулсан ч дараагийн Засгийн газар байгуулагдаад цуцлах магадлалтай учир бидэнд баталгаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эл асуудлыг парламентаараа оруулж баталгаажуулж өгөхийг хүсье. Тодруулбал, УИХ-ын тогтоол цаашлаад хуулинд тусгаж өг" гэжээ.
Тийм ч учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл уулзалтын дараа өгсөн ярилцлагадаа "Бид очоод Засгийн газраас УИХ руу оруулна. Хятадын тал болон Чайна Энержи компани байр сууриа нэгтгэсэн. Уг төмөр замыг барьсаны дараа Хангимандал-Шивээхүрэн боомтыг холбоход бэлэн байна гэж Хятадын талаас хэллээ. 16 жилийн турш гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбох эцсийн тохироо эцэслэн хийгдсэн. Аль намаас сонгогдсон хэн байх нь хамаагүй. Хоёр улсын Ерөнхийлөгч нар гэрээ зурж хэлэлцээрийг эхлүүлсэн. Дараа нь УИХ дээр уг хэлцлийг хүчингүй болгосон. Тэгэхээр уг төсөл нь гаднын улс орны буруугаас илүү Монгол Улсын улс төрийн бодлогын тогтворгүй байдлаас болж зогссон байсан. Бид ондоо багтаан уг гэрээг хийнэ" гэж дурдсан.
Түүний "УИХ-руу оруулна" гэсэн үг нь парламентаар баталгаа гаргуулах, хуультай болохыг илэрхийлж буй.
-ХЯТАЛЫН ТАЛ ТӨМӨР ЗАМЫГ ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР ХОЛБОХ БӨГӨӨД ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН ТОХИОЛДОЛД ТЕХНОЛОГИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ОЛБОРЛОЛТ ХИЙНЭ ГЭЖЭЭ-
“Чайна энержи” бол нэг жилд 660-700 сая тн нүүрс импортолдог, 600 сая тн ачаа тээвэрлэх төмөр замтай, 320 сая квт эрчим хүч үйлдвэрлэдэг, Хятадын төрийн өмчийн гурван том компанийн нэг юм. Тус компани 21 жилийн өмнөөс Монголын талын саналаар Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын төсөлд оролцож эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, 2005 онд Монгол Улсын Засгийн газар, нэр бүхий компанитай хэлэлцээ хийж, Гашуунсухайтын төмөр замын маршрутын төлөвлөгөөг батлан 2009 онд Монгол Улсын Засгийн газарт нэгдсэн төлөвлөгөөг, бизнесийн хамтын ажиллагааны саналын хамт хүргүүлж байжээ. Ингээд 2014 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга хоёрыг байлцуулан Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг нарийн царигаар холбох гэрээнд хоёр талын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан.
Энэ гэрээний дагуу “Чайна энержи” компани 2015 оны нэгдүгээр сар гэхэд нийт 7.17 тэрбум юаниар Ганцмодны боомт хүртэлх төмөр замыг тавьснаас гадна хоёр замыг холбох бусад бэлтгэлээ ч базаажээ. Харин Монгол Улс Гашуунсухайтын төмөр замаа барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай төмөр зам барихаар шийдсэн. Монголын тал урьдчилж мэдэгдэлгүйгээр царигаа өөрчлөх шийдвэрийг гаргаснаар энэ төсөл гацсан гэж Хятадын тал тайлбарладаг.
Монголын талыг царигаа өөрчлөх шийдвэр гаргахад Хяталын тал "Өргөн, нарийн царигийг холбоход нэмээд 4.1 тэрбум юанийн зардал гарна шүү дээ” гэж сануулсан байна. Гэвч манайхан тоолгүй өнгөрөөжээ. Улмаар "Үүний улмаас Хятадын тал, “Чайна энержи” компани 2.7 тэрбум юанийн шууд алдагдал хүлээсэн. Хоёр тал энэ төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн 16 жилийн хугацаанд 55 удаа хэлэлцээр хийсэн байдаг. Удахгүй тус төмөр зам тавигдсанаар технологийн өндөр түвшний олборлолтыг хийж, төмөр замыг ашигтай ажиллах багтаамжийг бий болгох зайлшгүй шаардлагатай мөн Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг гурван жилийн дотор хариуцан холбоход бэлэн гэдгийг Хятадын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр онцолжээ.