“Миний нутгийн дэгдээхэй” аяны хүрээнд сурагчид "Эхэн" бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажлыг зохион байгууллаа

“Миний нутгийн дэгдээхэй” аяны хүрээнд сурагчид "Эхэн" бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажлыг зохион байгууллаа

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын экоклубын сурагчидтай хамтран 2020 оноос эхлэн зохион байгуулж байгаа “Миний нутгийн дэгдээхэй” аян амжилттай үргэлжилж олны талархлыг хэдийнэ хүлээжээ.

Товч хэлбэл, хүүхдүүдийн оролцоотойгоор тогоруу хамгаалах ажил юм. Мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар хүүхдүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан нь үр дүнд хүрч тэд хамгааллын ажилд  идэвхтэй оролцох болжээ.

Хэнтий аймгийн Дадал сумын экоклубын сурагчдын үйл ажиллагааг онцолж байна. Тэд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажлыг сүүлийн гурван зуны турш  идэвхтэй хийж байна. Сурагчид малчин өрх айлуудад сурталчилгаа хийх, ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх зэргээр ажиллаж байна. Үүний ачаар малчид нүүдлийн ховор шувуудын, ялангуяа тогорууны талаар мэдлэгтэй болж хамгааллын ажлыг дэмжих болжээ.

Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Сул явж байгаа нохой өндгийг идэх, гэмтээх эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүдийн хийж байгаа сурталчилгаа маш чухал юм.  Тэд нуурын эргэн тойронд амьдардаг айлуудад очиж нохойгоо уявал ховор шувуудад ямар ач тустайг тайлбарласан нь тодорхой үр дүнд хүрч байгаа. Хүүхдүүд эхлээд өөрсдөө гэрийнхээ нохойг уядаг болсон нь бусдад зөв үлгэр дуурайлал болсон. Тиймээс  зарим айл нохойгоо уях болсныг дурдаж болно. Бас нуур орчмын малын болон нохойны тоог гаргаж хэрхэн сурталчлах арга, хэлбэрээ тодорхойлдог. Хүүхдүүд ингээд сэтгэл гаргаад, идэвхтэй яваад байхаар эцэг эхчүүдийн хандлага ч сайнаар өөрчлөгдөж байна. 

Сонирхуулахад, хүүхдүүд нэн ховор цэн тогорууны хоёр дэгдээхийг зуны турш ажиглаж, нисч чаддаг болтол нь хамгаалж чаджээ.     

Түүнчлэн экоклубын сурагчдад зориулсан “Тогоруу шувуугаа үдье” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд дэгдээхэй хамгаалагч хүүхдүүд өнгөрсөн зун хийсэн ажлаа ярилцаж, туршлагаа хуваалцлаа. Мөн Шувуу хамгаалах төвийн мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудын онцлог, ач холбогдол, үнэ цэнийн талаар тайлбарласан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж чаджээ. Өмнөх жилд Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батширээт сумдын дэгдээхэй хамгаалагч хүүхдүүд оролцсон. Харин энэ 2024 онд Улз гол дагуух Эрээнцав, Баян-Уул, Дашбалбар, Баяндун сумдын экоклубын сурагчдыг урьж оролцуулсан нь зүүн бүсийн хэмжээнд “Миний нутгийн дэгдээхэй” аяныг өргөжүүлэх  чухал алхам болсон ач холбогдолтой юм.