Т.Ариунзаяа: Жүдогийн 50 жилийн түүхэн дэх Монголын анхны өсвөрийн дэлхийн аварга болж, Перу Улсын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж чадсан

Т.Ариунзаяа: Жүдогийн 50 жилийн түүхэн дэх Монголын анхны өсвөрийн дэлхийн аварга болж, Перу Улсын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж чадсан

Монголын жүдо бөхийн спорт дэлхий дахинд цуурайтсан үе тэртээ 2008 оноос эхлэлтэй. Манай улсад жүдо бөх үүсэж хөгжсөнөөс хойшхи 50 гаруй жилийн түүхэнд Монголчууд олон тэмцээн уралдаан, олимпод түрүүлж байсан ч Өсвөрийн дэлхийн аварга гэх шагнал дутуу байв. Харин үүнийг нөхөж, Өсвөрийн дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй шагналыг эх орондоо авч ирсэн тамирчин бол 17 настай Т.Ариунзаяа охин юм.

Харин түүний багшийг Т.Энхцэцэг гэдэг. Тэрбээр “Токио 2020”, “Парис 2024” зэрэг олимпын наадмын чухал барилдаанууудыг шүүж байсан Олимпын зэрэглэлийн шүүгч, Олон улсын хэмжээний мастер нэгэн. Тэрбээр “Гүрү дожо” дэвжээг үүсгэн байгуулж, олон шавь нарыг бэлтгэж буйн нэг нь Т.Ариунзаяа охин юм. Ингээд багш, шавь хоёрын яриаг хүлээн авч үзнэ үү.

ВИДЕО:

-Т.АРИУНЗАЯА ОХИН АНХ НАЙМАН НАСТАЙГААСАА ЖҮДО БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ, ЕСӨН ЖИЛИЙН ДАРАА ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО-

Т.Ариунзаяа охин өдгөө 17 настай. Тэрбээр Монголын анхны өсвөрийн дэлхийн аварга юм. Найман настайгаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд есөн жилийн тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Дэлхийн аварга боллоо.

Тэрбээр, “Анх найман настай байхдаа гуравдугаар ангиасаа эхлэн Т.Энхцэцэг багш дээрээ жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Багаасаа их хөдөлгөөнтэй, хэрсүү хүүхэд байсан учраас гэрийнхэн маань намайг спортоор хичээллүүлэхээр шийдсэн юм. Өсвөрийн дэлхийн аварга болох үедээ маш их баярлаж, бахархмаар санагдсан. Би л алтан медаль авч байгаа юм шиг харагдаж байгаа боловч миний ард ээж, аав, багш, найзууд гэх мэт маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн зүйл. Маш их баярлаж байгаа. Тухайн үед алтан медаль авсан Францын тамирчинтай өмнө нь барилдаж байсан болохоор нэлээд тактик боловсруулаад гарсан нь их давуу тал болсон гэж бодож байгаа. Перу Улс манай улсаас 13 цагийн зөрүүтэй юм байна лээ. Тэгэхээр Монголд үүрээр барилдсан гэсэн үг. Тухайн үед ээж, аав маань унтахгүй үзсэн гэсэн. Нэлээд баярласан байсан. Ээж аавыгаа баярлаж байгааг хараад бүр илүү гоё мэдрэмж төрсөн.

Манай аав жүдо бөхөд надаас ч илүү дуртай. Ямар л тэмцээн болно үзээд л сууж байдаг. Намайг маш сайн дэмжиж зөв зөвлөгөө их өгдөг. Орой бэлтгэлээ тараад очингуут л өнөөдөр яаснаа ярилцаад надад зөвлөгөө өгдөг нь их түлхэц болдог шүү. Ер нь намайг эцэг эх маань маш сайн дэмждэг болохоор давуу тал болдог гэж бодож байна.

Өсвөрийн Азийн аваргын хүрэл, Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл, өсвөрийн улсын аваргын зургаан алт, хоёр мөнгө, Залуучуудын улсын аваргын хоёр алт, нэг мөнгөн медальтай.

Жүдо бөхөөр хичээллэснээр аливаад тууштай байж сурсан. Мөн өөрөөсөө ах настай хүнийг хүндэлж, хүндэтгэж сурсан. Спорт гэдэг чинь өөрөө их унаж, босож, ялагдал гэдгийг сургадаг болохоор багаасаа их хатуужилтай болж, биеэ даасан юм шиг санагддаг. Хамгийн ойрын зорилго гэвэл Залуучуудын дэлхийн аваргад амжилттай оролцоно. Тамирчин хүн бүрийн зорилго л олимп байдаг. Тийм болохоор би ч бас оргилд нь хүрч, олимпын аварга болох зорилготой байгаа. Өнгөрсөн хугацаанд шантрах гэхээсээ илүү хэцүү үе зөндөө байсан ч тэр бүхнийг зорилгодоо хүрэхийн өмнөх жижиг сорилтууд гэж боддог” гэлээ.

-Т.АРИУНЗАЯА ОХИН БОЛОН ТҮҮНИЙ БАГШ Т.ЭНХЦЭЦЭГ НАР ОЛИМПЫН АВАРГА БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ-

Т.Ариунзаяа охин болон дасгалжуулагч Т.Энхцэцэг нар багш шавь болоод арваад жилийн нүүрийг үзжээ. Тэд ирээдүйд олимп, дэлхийн аварга болж, “Гүрү дожо” дэвжээ болон Монголынхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулах хүсэл мөрөөдөлтэй.

Дасгалжуулагч ОУХМ Т.Энхцэцэг, “Т.Ариунзаяа 22-23 кг жинтэй байхдаа анх над дээр ирж, шавь орж байсан. Түүнийг анх манай дэвжээнд ирдэг өдөр ууланд бэлтгэлтэй байсан. Тэгээд ордны гадна ээж нь дагуулаад ирсэн байхад нь шууд л уулны бэлтгэлдээ аваад явчихсан. Ууланд бэлтгэл хийхэд аль хэдийнээ биеийн ерөнхий хөгжил нь хөгжчихсөн, хурдтай, юм сурах чадвартай авьяастай хүүхэд байсан. Улмаар кимоногоо авч, бэлтгэлдээ орсноос хойш 10-аад жил болсон байна. Монголд жүдогийн спорт хөгжөөд 50 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд өсвөрийн дэлхийн аварга болсон тамирчин Монголд байдаггүй. Түүнийг нь манай охин Т.Ариунзаяа анх удаа авч ирсэн байдаг. Үнэхээр их бахархаж байгаа.

Тамирчин хүнд барилдааны мэдрэмж гэж байдаг. Т.Ариунзаяагийн маань хувьд тэр нь бусдаас арай өөр байдаг. Эцэг эхчүүдэд бас нэг буруу ойлголт байдаг нь эмэгтэй хүүхэд барилдвал бие, гар хуруу нь муухай болчихно гэж боддог. Гэтэл жүдо бөхөөр хичээллэсэн эмэгтэй хүүхдэд муухай болсон юм алга. Өвдөж байгаа зүйл алга. Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж чадаж байна.

Цаашид ч зорьсон зорилго маш их байгаа. Энэ зорилгынхоо хамгийн эхний зүйлийг атгаад авчихна гэдэг нь сэтгэл зүйн хувьд илүү хүчирхэг болж байна гэсэн үг.

Манай Т.Ариунзаяа өөрөө үнэхээр дайчин хүүхэд. Долоон настайгаас эхлээд нэг ч удаа бэлтгэл тасалж үзээгүй. Өвдсөн ч ирж бэлтгэлээ хийдэг тийм л хүүхэд. Бид хоёрын зорьж байгаа зорилго ижил. Олимп, дэлхийн аварга болно. Түүний цаана эцэг эх, багш баярлана. Улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байна гэдэг нь хүн болж төрсний ганц чухал гавьяа гэж бодож байна” гэсэн юм.

-Т.ЭНХЦЭЦЭГ НЬ "ПАРИС 2024" ПАРАЛИМПЫН НААДАМД ШҮҮГЧЭЭР ОРОЛЦОЖ, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ЦУУРАЙТУУЛААД ИРЖЭЭ-

Т.Ариунзаяа охины дасгалжуулагч Т.Энхцэцэг нь 2002 оноос хойш жүдо бөхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд дэлхийн алдартай шүүгч нарын нэгт эрэмбэлэгддэг олимпын зэрэглэлийн шүүгч юм. Хамгийн сүүлд тэрбээр “Парис 2024” паралимпын наадмыг шүүгээд ирсэн нь өөрийн амьдралдаа талархах, бусдыг илүү ойлгож мэдсэн, бас нэгэн туршлага болсон шүүлт байлаа хэмээн бидэнд ярьсан юм. Тэрбээр “Гүрү Дожо” дэвжээг үүсгэн байгуулаад гурван жилийн нүүрийг үзжээ.

ОУХМ Т.Энхцэцэг, “Гуру дожо дэвжээг байгуулаад гурван жил болж байна. Энэ жил Монголын түүхэн дэх анхны өсвөрийн дэлхийн аварга манай клубээс төрлөө. Шавь нараа харахад жүдо бөхөөр хичээллэсэн хүүхэд сэтгэл зүйн хувьд нэлээд хүчирхэг болдог. Амьдрал дээр ч гэсэн тэсвэр тэвчээр сайтай болдог нь бусад хүмүүсээс нэлээд өөр байдаг.  Миний хувьд 2002 оноос улсын шүүгчээр ажиллаж байна. Мөн 2015 онд олон улсын шүүгч болоод 2017 онд олон улсын жүдо бөхийн холбооноос уригдаж, Токиогийн 2020 оны олимпод шүүгчээр ажиллаж байсан. Олимпод оролцож буй Монголын хамаг л шилдэг тамирчдын алтан медалийг шүүж байлаа. Ер нь шүүгч хүн юу хийх ёстой тэр бүгдийг л хийж чадсан гэж боддог доо. Мөн сая паралимп шүүж үзлээ.

Одоо дасгалжуулагчийн ажил хийж байгаа учраас олимп, дэлхийн аварга төрүүлчих юм сан гэсэн чин сэтгэлээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ спортоор хичээллэж байгаа бүх хүүхдүүд олимпын аварга болох боломжгүй учраас цаашдын амьдралд нь хэрэгтэй зүйлсийг зааж, илүү чанартай боловсон хүчинг бий болгохыг хүсэж ажилладаг даа.

Мөн манай хүүхдүүд бусдыг хайрлаж, хүндлэх зэрэг чанараараа бусад хүмүүсээс хавьгүй дээр болж төлөвшдөг. Жүдо бөхийн клубууд ч нэмэгдэж, энэ спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Тэгэхээр жүдо бөх одоо л Монголд хөгжиж эхэлж байна гэсэн үг. Гол нь эцэг эхчүүд маань өөрсдөө л хүүхдээ авч ирж өгөх хэрэгтэй. Миний хувьд аль нэг айлын гэрт олимпын аварга байгаа л гэж боддог. Тийм учраас хүүхдээ ирээдүйтэй гэж бодож байвал цаг алдахгүй л жүдогийн спортод оруулах хэрэгтэй. Жүдо бөх бол амьдралд маш их зүйл өгдөг спорт” гэв.