Энэ сарын 24-ны өдөр /2024.09.24/ Монголын үндэсний кино урлагийн зөвлөл хуралдаж, АНУ-ын Академийн авардсын Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох киног шалгаруулах шалгаруулалтыг хийсэн.
Уг шалгаруулалтад найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон", Ж.Сэнгэдорж "Чимээгүй хотын жолооч" киногоороо өрсөлдсөн ч тус зөвлөлөөс алийг нь ч сонгон шалгаруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний кино урлагийн зөвлөл энэ жил ямар ч монгол киног Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад илгээхгүй, өнжихөөр шийджээ.
Үүнтэй холбоотойгоор найруулагч П.Золжаргал бухимдан "Монголын Үндэсний кино урлагийн үндэсний зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг зарласан даруйд буюу наймдугаар сард 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцох хүсэлтээ илгээсэн. Энэ сарын 24-нд “Баавгай болохсон” киног Оскарын кино наадмын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэдэг хариу авсан. "Баавгай болохсон" кино бүх шалгуурыг хангаж байгаа. Монголын Үндэсний кино урлагийн үндэсний зөвлөл “Баавгай болохсон” киногоор хэлсэн үнэн дуу хоолойг тэвчихгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас цензурдаж байна л гэж харж байна" гэж хэвлэлд ярилцлага өгсөн.
Тэгвэл Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс яагаад тус киног сонгон шалгаруулаагүй талаар зарим эх сурвалжаас тодрууллаа. Тэд хэлэхдээ "Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох кино нь Монголын үндэсний онцлогийг шингээсэн, давуу талыг тодотгосон, нэр хүндийг өндөрт өргөх бүтээл байх ёстой.
Гэтэл "Баавгай болохсон" кино нь өвлийн утаанаар баавгай шиг ичих тухай сэдэвтэй Монгол улсыг гадны оронд сөргөөр харуулах бүтээл.
Тийм ч учраас энэ жил Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс ямар нэгэн кино уран бүтээл сонголгүйгээр өнжихөөр шийдсэн. Уг зөвлөл нь 11 гишүүнтэй. Гишүүд кино үзсэний дараа нууцаар саналаа хураалгадаг. Санал хураалтаар олонх нь дэмжээгүй. Дэмжээгүй шийдвэр гарсан юм чинь одоо яалтай билээ" гэлээ. Тодруулбал, Оскарын шагнал гардуулах ёслолд “Гадаад хэл дээрх кино” төрлийн анхан шатны шалгаруулалтад дэлхийн улс орнууд эх орноо төлөөлөн оролцох нэг киног илгээх эрхтэй байдаг юм. Тэгвэл шуугиан тариад буй шийдвэрийн цаана дээрх яриа өрнөжээ.