"Өргөө Хаан констракшн" ХХК-ийн өмнөөс барагдуулсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн 9.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүй, найдваргүй болох эрсдэл үүсжээ

"Өргөө Хаан констракшн" ХХК-ийн өмнөөс барагдуулсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн 9.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүй, найдваргүй болох эрсдэл үүсжээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал Г.Ёндон "Уурхайчин-2" төслийн хохирогчдын эсэргүүцлийг дарж, 7.8 тэрбум хохирлыг "Эрдэнэт үйлдвэр"-ээс барагдуулахаа мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  

Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр" нь "Өргөө Хаан Констракшн" ХХК-ийн өмнөөс дээрх иргэдийн хохирлыг барагдуулсан байна. Гэсэн ч тус үйлдвэр нь иргэдэд хохирол учруулсан тухайн компаниас дээрх мөнгөө нэхэмжилж, шүүхэд өнөөг хүртэл хандаагүйгээс эргэн төлөгдөхгүй, найдваргүй болох эрсдэл үүсээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын эзэмшлийн газар дээр 600 айлын "Уурхайчин-2" орон сууцыг "Өргөө Хаан Констракшн" ХХК нь 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдад 1м2-ыг 1.5 сая төгрөгөөр худалдан борлуулах нөхцөлтэйгөөр 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр "Ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажил"-ын гэрээг байгуулсан байна. 

Тус гүйцэтгэгч компани нь орон сууцыг барих явцад гэрээнд заасан 1м2-ын үнийг нэмэгдүүлэх санал тавьсан аж. Харин "Эрдэнэт үйлдвэр" уг саналыг хүлээн аваагүй байна. Тиймээс 2021 оноос барилгын ажил бүрэн зогсчээ. Үүнээс үүдэж, "Уурхайчин-2" орон сууцанд урьдчилгаа төлсөн 330 ажилтан хохирсон байдаг. Эдгээр ажилчид өнгөрсөн жил эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулахаар болсон тул "Эрдэнэт үйлдвэр" дээрх иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдээд байсан юм. 

Тэгвэл тус үйлдвэр "Өргөө Хаан констракшн" ХХК-ийн өмнөөс ажилчдын төлсөн байрны урьдчилгаа төлбөр болох 8.2 тэрбум, мөн мөнгөний цаг хугацааны алдагдсан боломжийн өртөгт 1.4 тэрбум нийт 9.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. 

Гэсэн ч "Эрдэнэт үйлдвэр" нь  "Өргөө Хаан констракшн" ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдээгүй, одоог хүртэл шүүх хяналтын байгууллагад шилжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн авлага нь эргэн төлөгдөхгүй, найдваргүй болох эрсдэлтэй болоод байгаа аж.