Иргэдийг аялж, зугаалж байх үеэр Хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авах тендерээ зарлаж, Хятадын компанийг шалгаруулжээ

Иргэдийг аялж, зугаалж байх үеэр Хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авах тендерээ зарлаж, Хятадын компанийг шалгаруулжээ

Өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын гишүүн Ж.Золжаргал анх шүгэл үлээж, Хотын дарга Х.Нямбаатарыг БНХАУ-аас түлш авчирч шатаах гэж буйг шүүмжилж байв. Улмаар тендерээ зарлаад байсан юм. Энэ асуудал нь нүүрс экспортолдог манайх шиг улс өөрсдөө боловсруулсан нүүрс Хятадаас худалдаж авах гэж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа юм.

Харин энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар, “Өнгөрсөн жилүүдэд олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хороо шийдвэрээ гаргасан, би энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Үндэсний хороо хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж шийдвэрлэсэн. Энэ нүүрсийг Хятадаас 200 тэрбум орчим төгрөгөөр аваад энд савлаад хэрэглээнд нэвтрүүлнэ. Монгол хагас коксжих нүүрсний үйлдвэр байхгүй учраас урдаас авах юм” гэсэн байдаг. 

Тэгвэл "чоно борооноор" гэгчээр баяр наадам болж буй эдгээр өдрүүдэд Хотын дарга Х.Нямбаатар тендерээ зарлаж, сонгон шалгаруулалтаа явуулж, энэ сарын 28-наар дуусгавар болгосон байна.

Тодруулбал уг тендерийг зургаадугаар сарын 13-нд зарлаж, долдугаар сарын 28-нд хаасан байгаа юм. Тендерийг тодруулбал, БНХАУ-аас “Хагас коксжсон буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш авах"-д 226,287,000,000 /хоёр зуун хорин зургаан тэрбум хоёр зуун наян долоон сая/ төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Уг тендерийг "Таван толгой түлш" ХХК явуулсан бөгөөд тендерт Хятадын "Shaanxi coal chemical industry group shenmu energy developments LTD wuzhuo branch" ХХК шалгарчээ.