Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финландын эдийн засгийн сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финландын эдийн засгийн сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засгийн сайд Сакари Пуистотой уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, түүнд тусгагдсан томоохон зорилтын талаар танилцуулж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Финланд болон Нордикийн орнуудад нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хоёр талын хамтын ажиллагааг Финланд Улсын тэргүүлэх салбарууд болох ойжуулалт, ногоон хөгжил, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт тэлэх, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Финландын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг оролцохыг урьж, “Монгол Улс, Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг 10 дугаар сард Улаанбаатар хотод болох талаар мэдээллээ.