Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 41 иргэн гэмтэж, 8 иргэн нас барсан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Ослын шалтгааныг алба хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суудаг, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн болоод хурд хэтрүүлсэн буюу жолоочийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдэлтэй холбон тайлбарлаж буй. Мөн жолооч нар автомашиндаа стандартын бус гэрэл гэрэлтүүлгийг тавьдаг нь орон нутгийн замд осол гарах нэг томоохон шалтгаан болдог байна. Иймд бид иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хурц, тод гэрэл, гэрэлтүүлэг ямар аюултай талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
Тэгвэл улсын хэмжээнд цагдаагийн алба хаагчид, Автотээврийн үндэсний төвтэй хамтран энэ оныг дуустал гэрэл, гэрэлтүүлгийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар автомашины гэрэл, гэрэлтүүлгийг шалгаж, холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч байна. Мөн шаардлагатай тохиолдолд стандарт зөрчсөн гэрэл, гэрэлтүүлэгтэй тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог хүчингүй болгож буй юм. Тэгвэл гэрэл гэрэлтүүлгийн стандартын талаар иргэд хэр мэддэг болоод стандарт ямар байгааг сурвалжиллаа. Манай сурвалжлах баг Тээврийн цагдаагийн алба хаагчидтай хамтран Төв аймгийн Аргалант сумыг зорилоо.
Орон нутгаас нийслэлийг чиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдэж, зарим хэсэгт түгжрэл үүссэн нөхцөл байдалтай байлаа. Хяналт шалгалтаар 10 машин тутмын ердөө 1-2 нь л стандарт шаардлага хангасан гэрэл гэрэлтүүлэгтэй байсан юм.
Жолооч нарын төлөөлөл “Автомашины гэрлээ хагалчихсан. Тэгээд захаас гэрэл авсан. Худалдагч нар энэ бол стандарт хангасан сайн гэрэл гэж л борлуулсан. Стандарт бус байна гэж бодоогүй. Энгийн нүдээр хараад энэ бол стандарт гэж бид мэдэхгүй шүү дээ” гэв.
Стандарт бол цаасан дээр хараар бичсэн тунхаг биш. Стандарт бол хүн амын аюулгүй байдлын баталгаан. Гэхдээ манай улсад стандартыг мөрдөнө гэдэг шинэ ойлголт хэвээр байна.
“АТҮТ” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Х.Бат-Ирээдүй “Манай улс Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2025 стандартыг автомашины гэрэл гэрэлтүүлэгтэй мөрддөг. Гэтэл иргэд үйлдвэрээс тавьсан стандарт шаардлага хангасан гэрэл гэрэлтүүлгийг сольж тавиад байна. Хэт тод гэрэл гэрэлтүүлэг тавьснаар үзэгдэх орчин сайжирна гэх хэт өрөөсгөл ойлголттой холбоотой. Стандарт бол стандарт гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үүний ард иргэний амь нас, эрүүл мэнд бий. Стандартыг хэн нэгэн зохиогоод гаргасан тоо биш гэдгийг ойлгох ёстой” гэв.
Энэ төрлийн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар 20 нэгжээр торгодог. Харин Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай хамтран энэ оныг дуустгал хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах юм. Хяналт шалгалтаар автомашины гэрлийг хэмжиж хууль дүрмийн дагуу арга хэмжээ авахаас гадна автомашины гэрлийг хурааж авах, тээврийн хэрэгслийг үзлэг оношлогоог хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм.
Харанхуй үед жолоо барих нь жолоочийн ажлын чадамж самбаачлах хурд зэрэг буурсан байдаг. Мөн зам тээврийн ослын 46 хувь нь зорчих хэсэгт холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхээ мартсан эсвэл туршлагагүй жолоочийн хариуцлагагүй байдлаас үүддэг гэх судалгаа ч бий.
Иймд автотээврийн хэрэгсэл эзэмшигч нар замын хөдөлгөөнд оролцохдоо бие биенээ хүндэтгэж 100-150 метр ойртоход гэрлээ шилжүүлж, зориулалтын гэрэл, лампыг хэрэглэж, автотээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.