Гишүүд, сайд нар төрсөн нутгийнхаа ойн баярт төсвийн мөнгөөр “бэлэг барьсан” нь төсвийг дахин тодотгох нөхцөл байдал үүсгэж болзошгүй

Гишүүд, сайд нар төрсөн нутгийнхаа ойн баярт төсвийн мөнгөөр “бэлэг барьсан” нь төсвийг дахин тодотгох нөхцөл байдал үүсгэж болзошгүй

Олон улсад эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсэж, Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт дутаж магадгүй болсон тул энэ оны төсөвт тодотгол хийж байгаа. Мөн Засгийн газрын тэргүүн шинээр томилогдмогцоо төр өөрөөсөө эхэлж хэмнэнэ хэмээн мэдэгдсэн. Гэтэл төсвийн үрэлгэн зардал хэрээс хэтэрч, гишүүдэд мөнгө тараах асуудал яригдаж, зарим нэр бүхий сайд яамныхаа мөнгийг “хувийн мөнгө” мэт үрсэн нь олны шүүмжлэл дагууллаа. Гэвч энэ нь эргээд төсөвт дарамт болж болзошгүй юм.

-УВС АЙМГИЙН 100 ЖИЛД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН БАГЦААС ХОЁР ТЭРБУМ, УЛСЫН ТӨСВӨӨС 4.5 ТЭРБУМ ЗАРЦУУЛСАН БАЙНА-

Увс аймгийн түүхт 100 жилийн ой болж, нийт Монголоороо нижгэр сайхан наадлаа. Гэхдээ энэ үеэр Эрчим хүчний сайд  Б.Чойжилсүрэн Увс аймгийн ойн баярт зориулж улсын төсөвт 4,5 тэрбум төгрөг суулгуулж, эрчим хүчний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гаргаж, Төв цэнгэлдэхийг нь цахилгаанаар хангасан нь шүүмжлэл дагуулав. Энэ талаараа Эрчим хүчний сайд  Б.Чойжилсүрэн “Ойн арга хэмжээг зохион байгуулахад орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 22 орчим тэрбум төгрөгийг аймгийн наадмын талбай, морь барианы газар зэрэгт зарцуулсан. Тухайлбал, 4,5 тэрбум төгрөгөөр цэнгэлдэх орчмын газрыг тохижуулж дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг хийсэн. Энэ ажлыг шийдвэрлэхэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд асан Ж.Батсуурь болон манай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бид гурав нийлж, 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2025 оны төсөвт суулгасан нь ажил хэрэг болсон юм. Мөн Цэнгэлдэх орчмын тохижилт, цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд Эрчим хүчний сайдын багцаас 2 тэрбум төгрөг зарцуулсан” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Увс аймгийн 100 жилийн ойд бэлэг болгон зам барьж өгч байгаа гэнэ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын нутагт байрлах "Улаан уулын рашаан” хүртэл 2.4 км замын далангийн ажлыг санаачлан улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгуулжээ.

Үргэлжлүүлэн ирэх жил замын асфальтан хучилт, тохижилтын ажлыг 2.5 тэрбум, нийт 3.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх аж. Түүнчлэн маршал Ю.Цэдэнбалын талбайг засаж, шинэчлэхэд төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн дэмжлэг очсон байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Энэ мэтчилэн төсвийн мөнгө, төрийн мөнгийг хувийн мэт хэрэглэж, төрсөн нутгийнхаа иргэдэд “бэлэг” болгож байгаа нь төсвийн “хэт үрэлгэн” зардал болж байна. Удахгүй өвөл болно. Эрчим хүчний салбар олны санааг чилээж байгаа. Гэтэл энэ үед сайд нь салбартаа зарцуулах ёстой мөнгөө тойрогтоо, бүр тойргийнхөө төв цэнгэлдэхэд зарцуулах нь хэр зохимжтой вэ. “Чойжилбүрэнгийн багц” гэж байхгүй. Эрчим хүчний сайдын салбартаа зарцуулах ёстой багц л гэж бий. Энэ мэтчилэн үрэлгэн зардал эргээд төсөвт дарамт учруулж, магадгүй ирэх намар ахиад төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх вий гэх болгоомжлолыг төрүүлж байгаа юм.

-ТОЙРГООС СОНГОГДСОН ГИШҮҮДЭД ТӨСВӨӨС 15 ТЭРБУМ, ЖАГСААЛТААР СОНГОГДСОН ГИШҮҮДЭД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАРААХ АСУУДЛААР САНАЛ ХУРААСАН-

Үүгээр зогсохгүй тойргоос сонгогдсон гишүүдэд 15 тэрбумыг өгөх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара шүгэл үлээсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Өнөөдөр УИХ-ын гишүүд ЗГ-т хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр. Гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл. МАН-ын бүлгийн чатанд Даваа гаригт энэ талаар сануулсан мессеж ирсэн цагаас эхлэн ЗГ-ын чиг үүрэг, төсвийн үрэлгэн байдал, Парламентын гишүүний үүрэг, Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань “байх ёстой зүйл” хэмээн мэтгэж, тойргийн иргэдийнхээ саналыг “уламжлах” үүрэг төдийгөөр тайлбарлав.

Сүүлдээ жагсаалтын гишүүдийг 2,5 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын санал бичиж ирүүлж болно хэмээн Засаг дарга нарт хэлж (бидэнд огт энэ талаар мэдэгдээгүй шүү), тэднээс олон санал, хүсэлт ирэх боллоо” гэсэн.

Ийнхүү тойргийн 15 тэрбумаас гадна жагсаалтаас сонгогдсон гишүүдийн 2.5 тэрбум төгрөг яригдаж байгаа аж. Харин энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "2026 оны төсвийн тухайд тойргоос сонгогдсон гишүүдэд 15 тэрбум төгрөгийн эрх мэдэл өгсөн нь ташаа мэдээлэл. Жил бүр УИХ-ын гишүүд тухайн жилийн төсвийн төсөлд саналаа өгч, төсвийн хуулинд нийцүүлж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг тусгуулах эрхтэй байдаг. Гэвч гишүүдээс орж ирдэг санал хэдэн зуун тэрбумаас давж, төсвийн зардлыг нэмэгдүүлдэг учраас энэ жил 15 тэрбум төгрөг байна. Гэхдээ энэ зүгээр санал бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ төсвийн хуулиа баталж гаргадаг учраас гишүүдийн мөнгө гэсэн ташаа ойлголт байхгүй” гэх тайлбарыг өгсөн. Улмаар гишүүд энэ асуудалд санал өгч байгаа бөгөөд олонх нь дэмжсэн гэх мэдээлэл бий. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал ороо бусгаа, Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт дутаж болзошгүй байгаа энэ нөхцөл байдал ирэх жил ч үргэлжилнэ. Гэтэл гишүүдэд мөнгө тарааж, төсвийн мөнгөөр тойргийг нь услуулах нь эргээд төсөвт дарамт учрах эрсдэлтэй болоод байна.