Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны долоодугаар сарын 26,27-ны өдрийн шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтад 1043 иргэнийг хамруулан анхан шатны тестээр сорил авахад урьдчилсан байдлаар манай улсын 19, Туркийн нэг, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын хоёр, Украйны нэг иргэнээс илэрсэн аж. Мөн хоёр хүн тодорхой хэмжээний мансууруулах бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм.
Эдгээр иргэдийн дунд олны танил болсон хүмүүс ч байгаа аж. Тодруулбал, Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч, сагсан бөмбөгийн тамирчин “Цэтула” буюу Г.Цэлмэгээс мансууруулах төрлийн бодис илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “Тэнгисийн эрэг дээрх 24/7” гэх шоуны оролцогч, сагсан бөмбөгийн тамирчин “Цэтула” буюу Г.Цэлмэгээс мансууруулах төрлийн бодис илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд түүнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэх мэдээллийг өглөө. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Сонирхуулахад, Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хар тамхи,мансууруулах бодисыг хэрэглэсэн хүнийг зөрчлийн хуулиар торгуулах эсхүл баривчлах ялаар шийтгэдэг. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан шинж болох хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол мөн дээрх зүйлсийг худалдаалах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Харин хэрэглэсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заажээ.