Сүүлийн үед Телеграмм, Тik Тok, We chat, whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж, мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болжээ. Энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн 2024 оны долдугаар сард гэхэд 52 бүртгэгдсэн бөгөөд 700 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс бид иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс эл төрлийн гэмт хэргийн хохирогч болж, 12 сая төгрөгөө залилуулсан иргэн Э-тэй холбогдож ярилцлаа.
ВИДЕО:
Цахим гэмт хэргийн хохирогч болоод буй иргэн Э нь анх цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу "Э.Энхтайван" гэх хаягтай иргэнтэй цахимаар холбогдож, улмаар сурталчилгааны ажил хийхээр болсон байна. Ингээд "Ажилд орж байна" хэмээн ойлгосон хохирогч Э нь тухайн иргэнд өөрийн бүхий л хувийн мэдээллээ илгээжээ. Улмаар залилагч этгээд хохирогчид "Та сурталчилгааны ажил хийнэ. Энэ нь маш энгийн бөгөөд 1-10 даалгавартай. Эхлээд өөрийнхөө мөнгийг байршуулах ёстой. Харин даалгавар дууссаны дараа оруулсан мөнгөө 30-40 хувиар өсгөж урамшуулал авах боломжтой" гэж хэлсэн байна. Тухайн үед хохирогч "Нэг сая төгрөг оруулбал 300-400 мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой юм байна" хэмээн бодож, нэг сая төгрөг хийж, эхний даалгавруудыг гүйцэтгэж эхэлжээ.
Тухайн даалгаврууд нь маш энгийн, амархан байсан бөгөөд "Э.Энхтайван" гэх хаягтай хүн нь хохирогчтой цахимаар холбогдож, даалгавруудын заавар гэх мэтийг зааж, зөвлөж байсан байна. Мөн тухайн иргэний гүйцэтгэж байгаа даалгавар, авах боломжтой урамшууллын хэмжээ зэрэг мэдээлэл нь даалгавар гүйцэтгэж буй хуурамч сайт дээр гарч ирж байсан нь хохирогчид итгэл үнэмшил төрүүлж байсан аж. Гэсэн ч тодорхой даалгавар биелүүлээд мөнгөө авах болоход дараагийн даалгаврыг биелүүлэхийг шаардаж, улмаар мөнгө нь тодорхой хэмжээнд өснө гэх маягаар хууран мэхэлж, таван удаагийн гүйлгээгээр12 сая төгрөгийг нь залилсан байна.
Хохирогч Э нь эхэндээ өөрт байсан цөөн хэдэн төгрөгийг ашиглаж дуусаад улмаар гэр бүл, найз нөхөд гэх мэт ойр дотнын хүмүүсээсээ мөнгө зээлж, тухайн даалгаврыг биелүүлж байжээ. Гэсэн ч даалгавраа биелүүлж дууссаны дараа оруулсан мөнгөө, урамшуулалтайгаа авах болоход мөнгө нь авах боломжгүй болж, залилуулсан гэдгээ ойлгосон байна. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг хохирогч бидэнд мэдээлсэн юм.
Иймд иргэд та бүхэнд цахимаар сурталчилгааны ажил хийх, даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх зэрэг санал ирсэн тохиолдолд баталгаатай эсэхийг сайтар шалгах, мэдээллийг нягталж дараагийн үйлдлээ хийхийг зөвлөж байна.