ВИДЕО: Экологийн цагдаагийн алба, “Яваад ирлээ” дэлгүүртэй хамтран хог хаях сав байршуулж, автомашинд тогтоодог хогны цүнхийг бэлэглэж байна

ВИДЕО: Экологийн цагдаагийн алба, “Яваад ирлээ” дэлгүүртэй хамтран хог хаях сав байршуулж, автомашинд тогтоодог хогны цүнхийг бэлэглэж байна

Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран

иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аялал жуулчлалаас үүдэлтэй хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, ахуйн болон аюултай хог хаягдал, олон нийтийн газар бие зассан, нус цэр шүлс, тамхины иш хаях, бусад төрлийн бохирдлоос сэргийлэх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, дээрх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээг орон нутагт “Орчноо бүү бохирдуул” арга хэмжээг нийслэл зохион байгуулж буй.

ВИДЕО: 

Тиймээс дээрх арга хэмжээний хүрээнд Дотоодын аялал жуулчлалын үе эхэлж байгаатай холбогдуулан хүрээлэн буй орчинд үүсэж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилготойгоор Экологийн цагдаагийн албанаас “Орчноо бүү бохирдуул” өдөрлөгийг өчигдөр /2024.07.08/ Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “22-ын товчооны шалган нэвтрүүлэх пост” дээр зохион байгуулав.

Тус өдөрлөгт “Яваад ирлээ” аяллын дэлгүүр, Юнител групп, Авто холбоодууд, Хог, хаягдал орчны бохирдлын эсрэг олон улсын болон төрийн бус байгууллагууд оролцож Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн зам дагуу  ажиллаж, аяллын дүрмийг олон нийтэд түгээж мөн байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн уут, халаасны хогны уут, санамж зөвлөгөөг тараасан юм.

Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Т.Билгүүнтөгс,

-Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Экологийн цагдаагийн албанаас аялал жуулчлалын бүсүүдэд үүсдэг хог хаягдлын бууруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран “Орчноо бүү бохирдуул” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд 21 аймаг 9 дүүргээс нийтдээ 1500-аад тонн хог хаягдлыг устгаж ажилласан.

Мөн наадам болох гэж буйтай холбогдуулан эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо, цэгүүдэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл болон хогны уутыг тарааж байна. Мөн Хөдөө, орон нутгийн тусгай хамгаалалттай газруудад зорчихдоо иргэдийг хог хаягдлаа аваад явдаг байхыг уриалж автомашиндаа тогтоогоод авч явах боломжтой хогны цүнхийг бидэнтэй хамтран ажиллаж буй “Яваад ирлээ” аяллын дэлгүүрийн хамт олон иргэдэд бэлэглэж байгаа. Түүнчлэн 22 товчоонд зориулалтын хог хаягдлын савыг байршуулан ажиллаа. Иргэдээ амарсан газраасаа бүх хогоо авч явахыг уриалж байна. Сануулахад, Хог хаягдлаа шууд хаяад явж байгаа иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авна.

“Яваад ирлээ” аяллын дэлгүүрийн захирал Э.Мөнхжаргал,

-Манай хамт олон ЦЕГ, ЭЦА-наас зохион байгуулж буй “Орчноо бүү бохирдуул аянд нэгдэж 22-ын товчоо орчмын хог хаях зориулалтын савны асуудлыг шийдсэн. Наадмын өдрүүдэд эхлэх гэж байна. Тиймээс Хүй долоон худгаар Улаанбаатар чиглэлд зорчиж байгаа иргэд 22 товчооны байршуулсан хаягдлын саванд хогоо хаяж болно. Түүнийг нь хөл хөдөлгөөн ихтэй өдрүүдэд 2-3 хоногт нэг удаа ачиж байх юм. Гол нь эзэнтэй, хогийн ирээд ачаад байх учир хог байгальд удаан байж орчноо бохирдуулахгүй гэсэн үг.

Мөн манай аяллын дэлгүүр машиндаа тогтоож явдаг хогны уутыг үнэгүй өгдөг. Энэ ташрамд иргэддээ сануулахад, хогны уут чанартай байх хэрэгтэй. Янз бүрийн материалаар хийгдсэн олон төрлийн уут, савыг иргэд хог хаягдлаа авахдаа ашигладаг. Гэхдээ тэдгээр сав нь хийц, материалаасаа хамаараад урагдах асгарах тохиолдол их бий. Энэ тохиолдолд хэдий хүмүүс хогоо түүж, хураасан ч савнаасаа асгарч байгальд үлдэх нөхцөл бүрддэг. Тиймээс иргэдээ чанартай хогны уут авч аялах, очсон газраа мөрнөөсөө бусдыг үлдээлгүй, хоггүй аялахыг уриалж байна.