С.Магнайсүрэн: Байгууллагууд дур зоргоороо газар олгодог байдлыг таслан зогсооно

С.Магнайсүрэн: Байгууллагууд дур зоргоороо газар олгодог байдлыг таслан зогсооно

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр /2023.02.06/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс Газрын багц хуультай холбоотой зарим мэдээллийг тодрууллаа. Тус хуулийг баталснаар дархан цаазат болон бэлчээр, ашигт малтмалын лицензтэй гээд  газартай холбоотой бүхий л харилцааг тодорхой зохицуулах аж.

-МАЛЧДАД НЭГ УДАА ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ ГАЗРЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОНО-

-Газрын багц хуулинд орж буй гол өөрчлөлтүүдийн талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Газрын ерөнхий хуулийг дагасан дөрвөн хууль мөн Геодези зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хууль гэсэн долоон хуулийн төслийг багцаар нь нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх ажил УИХ-ын чуулганы засварлагааны хугацаанд эд үргэлжилж байна. Онцлог нь Хот байгуулалтын хуулийг Газрын багц хуультай хамтатган батлах зарчим барьж байгаа юм. Ер нь Газрын багц хуулийг 2002 оноос хойш 20 гаруй жил үйлчлэхэд нь 32 нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнээс болж зохицуулалт, үндсэн санаа нэлээн алдагдсан. Өнөөдрийн байдлаар 60 гаруй хууль 200 гаруй эрх зүйн актаар газрын асуудлыг зохицуулж байна. Зургаан байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд газар олголтыг хийж байна. Үүнээс болоод үндсэндээ газрын нэгдмэл бодлого алдагдсан. Энэ удаагийн Засгийн газар шинэчлэлийг хийхээр багц хуулийг боловсруулж багагүй ажиллаж байна.

Хууль хэрэгжиж эхэлснээр бусад байгууллагууд дур зоргоороо газрын асуудлыг зохицуулдаг байдлыг таслан зогсоож нэгдмэл нэг байдлаар зангиддаг болно.

Шинжлэх ухааны өнөөдрийн дэвшил, цахим хэрэглээг газрын салбарт нэвтрүүлж хуульчлан баталгаажуулна. Ингэснээр хүнээс хамаарч шийддэг байдлыг болиулна. Мөн Иргэний хуулийн суурь зарчимд нийцүүлээд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зарчмыг хуульчлах гэж байна. Дүгнэж хэлэхэд, газрын биржийн цахим систем ажиллана, дур зоргоороо өөрийн салбарын хууль эрх зүйн хүрээнд газар олгодог байдал арилна, газрыг арилжаанд оруулна.

Бирж Улаанбаатар болон аймгуудад ажиллана. Ингэснээр иргэн өөрийн өмчилж авсан газраа дуудлага худалдаанд оруулж үнэ хүргэхээс гадна өөрт байгаа барилга байгууламж барих эрхээ бусдад шилжүүлж болно. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт бирж дээр явна. Нээлттэй бүгдэд, ойлгомжтой болж татварын төлөлт ил тод болно. Бүх зүйлд дэвшилт болно.

-Иргэдэд хэр ээлтэй байх хуулийн төсөл вэ. Тухайлбал, малчид өвөлжөө, хаваржаагаа тодорхой хугацаагаар эзэмшдэг. Гэвч дуудлага худалдаанд оруулж алддаг. Энэ нь олны шүүмжлэлийг дагуулдаг?

-Хуучин хуулиар 15-60 жилийн хугацаагаар газар олгодог байсан. Одоо бол шууд 33 жилээр олгоно. Богино хугацаагаар олгож дахин сунгахдаа хүнд суртал гаргадаг байдал арилна. Мөн малчид өөрийн өвөлждөө, хаваржаа барих газрыг нэг удаа үнэ төлбөргүй авах бололцоог тус хуулиар зохицуулж өгсөн. Мөн төрийн байгууллага өөрийн эзэмшлийн газарт барилга бариулж түүнийгээ зарж, үрдэг гэх шүүмжлэл байдаг. Үүнийг болиулж, ашиглаж буй газрыг хэн ч, хаашаа ч зарж үрж шилжүүлэх боломжгүй болгож байна.

-АХ ЛИЦЕНЗ ОЛГОХОД ХОРИГЛОХ БҮСИЙГ ТОГТООНО -

-Дархан цаазат газарт газар олгож түүн дээр орон сууц, байшин барилга барьдаг үйл ажиллагааг тус хуулиар яаж зохицуулах вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийт 370 орчим субьект газар олгож байна. 330 сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн дарга нар мөн зарим яамны сайдын түвшинд хүртэл олгогдож байна шүү дээ. Одоо энэ хуулиар Засаг дарга биш батлагдсан төлөвлөлт, төлөвлөгөөний дагуу цахимаар аймаг, нийслэлийн газрын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага нь олгодог болно. Дархан цаазат газарт газар эзэмших боломжгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөгөөг манайх батална. Энэ төлөвлөгөөний дагуу бирж дээр газар олгогдоод ялагчид олгох газрыг тухайн яам нь шийдэж байгаа. Шинэ хуулийг хэрэгжиж эхлэх хүртэл шилжилтийн зохицуулалт орж байна. Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн найм дахь хууль орж ирнэ. Байгаль орчны яам боловсруулж байна. Тус хуулиар асуудлыг цогцоор нь авч үзнэ. Үүгээр бол одоо байгаа асуудлыг бүрэн шийднэ.

-Ашигт малтмал, хайгуул, олборлолтын лицензтэй газруудыг тус хуулиар хэрхэн зохицуулах вэ?

- Ашигт малтмалтай холбоотой асуудал мөн адил ямар ч төлөвлөлтгүй явж ирлээ. Одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр барина. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөр ашигт малтмалын АХ лиценз олгоходо хориглох бүсийг тогтооно. Олгох газрын төлөвлөлтийг гаргаж түүний дагуу асуудлыг шийдэж явна.