Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарыг Тагнуулын байгууллагаас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн талаарх мэдээлэл энэ сарын эхээр цахим сүлжээнд цацагдсан.
Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу үндэсний эв нэгдлийг бусниулах гэх арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл ангиар мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд түүнд яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулах 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн прокурорын мэдэгдэх хуудас ил болсон байдаг.
Тэгвэл "Херо энтертайнмент групп"-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарыг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас өөр, өөр хэргээр шалгаж байсныг прокуророос саяхан харьяалал тогтоож, ТЕГ-аас нэгтгэн шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж мэдээлж буйгаар Б.Баатарыг Авлигатай тэмцэх газраас "Тамгагүй төр" жүжгийн төслийн санхүүжилт зэрэг хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байсан бол Тагнуулын байгууллагаас үндэсний эв нэгдлийг бусниулах гэх зүйл ангиар, Цагдаагийн ерөнхий газраас мөнгө угаах гэсэн зүйл ангиудаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Б.Баатарт холбогдох хэргүүдэд прокуророос харьяалал тогтоож, Тагнуулын ерөнхий газраас хэргийг нэгтгэн шалгахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон "Херо" Б.Баатар нар “Гэрэгэ” Тауэрын 14 давхрыг бизнес эрхлэгчээс дээрэмдсэн гэх мэдээллийг олон нийтэд өгч байсан бөгөөд уг хэргийн талаар “Гэрэгэ” Тауэрын 14 давхрын хохирогч П.Хишигбаяр "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар намайг хэрэгт холбогдуулж, 19 хоног хориод, "Гэрэгэ"-ийн 14 давхрыг дээрэмдэж авсан" гэдгээ олон нийтэд нээлттэй мэдэгдэл хийгээд байгаа.
Мөн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Оюу толгой"-гоос "Оюутолгой" ХХК-д шилжүүлсэн 20 сая ам.долларын 1.9 сая ам.долларыг Англид бүртгэлтэй, дөнгөж байгуулагдсан, хоёр гишүүнтэй "Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd" компанитай дөрвөн удаагийн үйлдлээр гэрээ хийж, дэлхийд Монголыг сурталчлахаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг "Херо энтертэйнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн" гэдгийг мэдээлсэн.