Монголын 21 аймаг, есөн дүүргээс цугласан нийт 750 гаруй залуу төлөөлөгчдийн “Youth Council Summit 2026” арга хэмжээ анх удаа болж байна.

“Төлөөлье, цэгцэлье, чөлөөлье” уриатай Тусгаар тогтнолын ордонд болж буй энэхүү арга хэмжээг Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд тус холбооны Ерөнхийлөгч, намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нээж үг хэллээ.
Тэрбээр “Youth Council Summit 2026” арга хэмжээнд эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн, ард түмний мандаттай төлөөлөгчдөд мэндчилгээ хүргэж, анх удаа болж буй ийм арга хэмжээг дэмжин ажиллаж буй Фридрих-Эбертийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ.

Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны долоо дахь Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва дараагийн үедээ дөрвөн зүйл үлдээхээр тэмүүлж байгаагаа онцоллоо. Нэгдүгээрт, ил тод, нээлттэй тогтолцоог бий болгох, хоёрдугаарт, цахим залуучуудын байгууллагыг бий болгох, гуравдугаарт, салбар холбоодыг хөгжүүлэх, дөрөвдүгээрт, залуучууд залуучуудынхаа буюу өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхэд оролцдог, төлөөлдөг болох зорилготой, эдгээрээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.

Арга хэмжээнд тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Кристоф Хойзер оролцож байна.
Ноён Кристоф Хойзер мэндчилгээ хүргэхдээ тус сан болон Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны цаашдын хамтын ажиллагаа илүү идэвхтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Youth Council Summit 2026”-д оролцож буй төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлэгт амжилт хүсэв.