БАРИМТ: "Туулын хурдны зам" төсөлд шалгарсан ч, барьж чадах эсэх нь эргэлзээтэй Хятадын компанид нийслэлээс 400 гаруй тэрбум төгрөгийг олгожээ

БАРИМТ: "Туулын хурдны зам" төсөлд шалгарсан ч, барьж чадах эсэх нь эргэлзээтэй Хятадын компанид нийслэлээс 400 гаруй тэрбум төгрөгийг олгожээ

Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжлэх Туулын хурдны замын төсөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

-"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ"-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ИРГЭД ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДАВ"

Туул гол бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр бөгөөд үүн дээгүүр гүүрэн байгууламж бүхий хурдын зам барих нь байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулна хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Гэтэл иргэдийн энэхүү эсэргүүцлийг үл тоомсорлон Туулын хурдны зам төслийн хүрээнд шөнө дөлөөр, нууцаар бургас хядаж, байгаль экологийг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдсаар байгаа тул “Хатан туулaa хамгаалья” иргэдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцлийн дараагийн шатны алхамдаа шилжиж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг өчигдөр /2026.03.27/ Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн юм. 

ВИДЕО: 

-Б.ОДБАЯР: "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТУУЛ ГОЛЫН ЭКОСИСТЕМИЙГ АЛДАГДУУЛАХГҮЙ-

Харин "Туулын хурдны зам"-ын төслийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барина. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй" гэдгээ мэдэгдсэн. 

-"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ"-ЫН ТӨСӨЛД ШАЛГАРСАН ХЯТАДЫН КОМПАНИ НЬ БАРИЛГЫН ЗАСВАР, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР 2025 ОНЫ НАЙМДУГААР САРД БАЙГУУЛАГДЖЭЭ-

Нөгөөтэй, Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ, эдийн засаг болон, байгаль орчны үнэлгээ нь одоог хүртэл батлагдаагүй. Батлагдсан ч судлаач, мэргэжилтнүүдийн гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн гэдгийг Ойн салбарын мэргэжлийн холбооны тэргүүн, ой судлаач Д.Мөнхзориг, Усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэм нар цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн.

Мөн тендерт сонгон шалгарсан гэх хятадын компани нь өөрсдийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, тендерт шалгарсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХаоЮань" группийн "Хаоюань женерал констракшн" ХХК гэх Хятадын иргэн Liu Daiwen-ний компани "Туулын хурдны зам"-ын тендерт шалгарсан байна. 

Гэтэл тухайн "Хаоюань женерал констракшн" ХХК нь 2025 оны наймдугаар сарын 21-ний өдөр авто машинаар ачаа тээвэрлэх, барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа зэрэг чиглэлээр байгуулагджээ. 

Тэгвэл найдвартай эсэх нь эргэлзээтэй байгаа БНХАУ-ын "Хаоюань женерал констракшн" ХХК-д төслийн урьдчилгаа болгон 400 гаруй тэрбум төгрөг олгоод байгаа аж. 

Тодотговол, 

  1. Есдүгээр сарын 12-ны өдөр Туулын хурдны зам НХААГ/20250101139 гэх гүйлгээний утгаар 50 тэрбум
  2. Есдүгээр сарын 19-ний өдөр Туулын хурдны зам НХААГ/20250101139 гэх гүйлгээний утгаар 50 тэрбум 
  3. Есдүгээр сарын 30-ны өдөр Туулын хурдны зам НХААГ/20250101139 гэх гүйлгээний утгаар 4 тэрбум 
  4. Мөн өдөр дээрх гүйлгээний утгаар 10 тэрбум болон 3 тэрбум,  
  5. Мөн өдөр "Урьдчилгаа төлбөр Туул хурдны зам" гэх гүйлгээний утгаар 3 тэрбум, Туулын хурдны зам НХААГ/20250101139 гэх гүйлгээний утгаар 3 тэрбум төгрөг

 Аравдугаар сарын:

  1. 16-ны өдөр "Туулын хурдны зам урьдчилгаа" гэх гүйлгээний утгаар 20 тэрбум
  2. 19-ний өдөр "Туулын хурдны зам урьдчилгаа" гэх гүйлгээний утгаар 20 тэрбум
  3. 30-ны өдөр Туулын хурдны зам урьдчилгаа" гэх гүйлгээний утгаар 30 тэрбум

Арваннэгдүгээр сарын:

  1. 04-ний өдөр Туулын хурдны зам /урьдчилгаа/ гэх гүйлгээний утгаар 60 тэрбум

Арванхоёрдугаар сарын:

  1. 02-ны өдөр "Туулын хурдны зам /Урьдчилгаа/" гэх гүйлгээний утгаар 30 тэрбум
  2. 05-ны өдөр "Туулын хурдны зам /Урьдчилгаа/" гэх гүйлгээний утгаар 30 тэрбум
  3. 18-ны өдөр "Туулын хурдны урьдчилгаа 50" гэх гүйлгээний утгаар 50 тэрбум
  4. 25-ны өдөр "Туулын хурдны урьдчилгаа" гэх 51 тэрбум төгрөг

Мөн 2026 оны хоёрдугаар сард 51 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө