СУРВАЛЖИЛГА: Эхо, рентген зэрэг шинжилгээний хариугаа иргэд гар утсандаа харах системийг Монгол инженерүүд бүтээжээ

СУРВАЛЖИЛГА: Эхо, рентген зэрэг шинжилгээний хариугаа иргэд гар утсандаа харах системийг Монгол инженерүүд бүтээжээ

-БИД БҮГД ГАР УТАСНААСАА БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ АВДАГ БОЛСОНТОЙ ИЖИЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ Ч МӨН АВДАГ БОЛГОЖ БАЙНА-

Иргэн та Гялс төв эсвэл Гурван гал ч юм уу аль нэг хувийн эмнэлэгт шинжилгээ өгсөн бол хариугаа заавал биечлэн очиж авалгүйгээр гар утас болон компьютероосоо зөвхөн өөрт тань өгсөн нэвтрэх код, нууц үгийг ашиглан авдаг болоод удаж байна.

Уг үйлчилгээг нэвтэрсэн даруйд олон нийт ихээхэн талархан хүлээж авсан. Учир нь иргэд эмнэлэгт шинжилгээ өгөхөөр очихоос гадна хэвийн шинжилгээний хариугаа авахаар дахин очих шаардлагагүй болсон юм. Үүний цаана тухайн иргэний цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд олон зүйл хэмнэгдэж буй.

Шинжилгээний хариутай адил эхо, рентген,  ходоодны дуран, MRI,CT, зүрх, тархины цахилгаан бичлэг гэх мэт дүрс оношилгооны бүхий л мэдээллийг гар утаснаасаа эсвэл компьютерээсээ авч болох системийг Тауэрсофт ХХК, Иклиник ХХК-ний хамт олон бүтээжээ.

Тэд уг системээ өөрсдийн харилцдаг 200 гаруй томоохон хувийн эмнэлэгт энэ арван нэгдүгээр сардаа багтаан нэвтрүүлэхээр шаргуу ажиллаж байна.

Ингэснээр иргэн та аль нэг эмнэлэгт дүрс оношилгоо хийлгээд хариугаа хүлээн суух шаардлагагүй, мөн хэвлэж авах шаардаггүй  болж байна. Таныг эмчлэгч эмчрүүгээ явах замд гар утсанд тань дүрс оношилгооны хариу нь ирдэг болох нь. Та зургаа гар утаснаасаа хариугаа эмчдээ үзүүлээд шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг авах юм. Энэ үйлчилгээ нэвтэрснээр эмнэлгийн зардал зохих түвшинд буурах, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал багасах, иргэдийн цаг зав, зардал хэмнэгдэж, сэтгэл ханамжинд эерэг нөлөө үзүүлнэ.

Үүнээс гадна тухайн иргэн оношилгоо, эмчилгээний бүхий л мэдээлэл, өвчний түүхээ дурын гар утас эсвэл компьютер ашиглан нэгдсэн байдлаар харах, хүссэн үедээ ашиглах боломжтой болж байна.

Уг үйлчилгээг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлж буй Тауэрсофт ХХК-ийн захирал М.Мөнхдөл энэ талаар ярихдаа “Бид шинжилгээний хариуг цахимаар өгдөг системийг харилцдаг эмнэлгүүддээ амжилттай нэвтрүүлсэн. Одоо дүрс оношилгооны бүхий л мэдээллийг өгдөг болох гэж байна. Энэ бол бидний хувьд дэвшил юм. Хот, хөдөөд интернетийн 3G/4G сүлжээ ашиглаад дүрс оношилгооны мэдээллээ гар утсандаа авч болж байна.  Цаашид эмчийн тухайн үйлчлүүлэгчид өгсөн зөвлөгөө, үзлэгийн тэмдэглэл, эмийн жор зэргийг цахимаар өгдөг болгохоор ажиллаж байна.Эмчийн зөвлөгөөг текстэн болон дуу хоолойгоор нь сонсож болохоор хүргэдэг болно.

Тэгэхгүй бол одоо бид эмчийн хэлсэн зөвлөгөөний хэдэн хувийг цээжилдэг билээ дээ. Нэг эмийн жортой л эмчийн өрөөнөөд гардаг шүү дээ. Тэгэхээр зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай үйлчилгээ байгаа биз дээ.

Бид гар утсандаа банктай болсон. Нэвтрэх нэр, нууц үгээ ашиглаад банкны бүхий л төрлийн гүйлгээ, үйлчилгээг өөрсдөө хийж байна. Үүнтэй адил “Eclinic” эрүүл мэндийн нэгдсэн платформд бүртгүүлсэн нэвтрэх, нэр нууц үгээ ашиглаад өөрсдийн эрүүл мэндийн мэдээлэл, өвчний түүхээ байнга халаасандаа авч явдаг болохоос гадна эмнэлгийн бүхий л төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авдагсистемийг бид Монголын эрүүл мэндийн салбарт шат дараалалтай нэвтрүүлж байна. Эхний ээлжинд манай харилцагч хувийн эмнэлгүүдийн үйлчлүүлэгчид лабораторийн шинжилгээний хариу, дүрс оношилгооны мэдээллээ гар утсандаа авдаг болох ба  цаашлаад эмчийн үзлэг, эмийн жороо Eclininc эрүүл мэндийн нэгдсэн платформоороо авдаг болно.

Бид  амьдрал дээр энд тэнд олон эмнэлгүүдэд эход үзүүлсэн, рентген зураг авхуулсан, шинжилгээ өгсөн, ходоодны дуран гэх мэт эрүүл мэндийн олон үйлчилгээ авсан байдаг. Тэрхүү өөрийн эрүүл мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр  хадгалдаг, тэгж байтал нэг л өдөр алга болчихсон байх нь түгээмэл зүйл. Тэгэхээр та бидний эрүүл мэндийн нэгдсэн мэдээлэл огт үүсэхгүй байгаа биз дээ. Энэхүү платформыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээрээиргэд эрүүл мэндийн мэдээллээ нэгдсэн байдлаар хадгалах, дурын үедээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ашиглах боломжийг олгохыг зорьж байна.

Алслагдсан дүүрэг болон холын аймаг, сум, багийн иргэд өөрийн амьдардаг газрынхаа эмчид гар утсаараа шинжилгээ болон дүрс оношилгооны хариуг үзүүлээд эмчилгээгээ бичүүлж авч болох нь байна шүү дээ" гэсэн юм. 

Одоогоор эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэд Тауэрсофт ХХК, Иклиник ХХК-тай хамтран ажилладаг 200 гаруй эмнэлэгт үйлчлүүлсэн эрүүл мэндийн мэдээллийг Ecliniс платформоос нэгдсэн байдлаар авах боломжтой.

-М.МӨНХДӨЛ: МОНГОЛЫН ЭМЧ НАР ГАДНЫН УЛС ОРНУУДЫН СУВИЛАГЧ НАРЫН ХИЙДЭГ АЖЛЫГ ХИЙДЭГ. ЭНЭ НЬ ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДИЖИТАЛ БОЛООГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ-

Дэлхийн томоохон улс орнууд эрүүл мэндийн салбартаа цахим үйлчилгээ тэр дундаа дээр дурдсан үйлчилгээг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Харин манай улсад энэ үйлчилгээ хараахан нэвтрээгүй байсан учраас бид бусдын гарыг харалгүйгээр энэ ажлыг эхлүүлсэн. Бидний цаашдын зорилго бол блокчейн, хиймэл оюун ухааны технологи ашиглаад тухайн иргэнийг эхийн хэвлийд бүрэлдэж бий болох  цагаас нь эхлээд зүрх нь зогсоод нас барах хүртэлх эрүүл мэндийн мэдээллийг нэгдсэн байдлаар бий болгох юм гэж М.Мөнхдөл ярилаа.

Тэрбээр “Эмнэлэг цахимжаагүй учраас ачаалалтай байгаа юм. Иргэдийн уур бухимдлыг барж, шүүмжлэлийг хүртэж буй нь мөн л цахимжаагүйтэй холбоотой. Зардал ихтэй байгаа нь цахимжаагүйн л үр дагавар. Эмч мэргэжлийн ажилтнууд хөгжих, суралцах цаг зав бага байгаа нь мөн л цахимжаагүйтэй холбоотой. Эмч нь гадны улсуудын жишгээр сувилагчийн ажлыг хийгээд байдаг нь цахимжаагүйтэй холбоотой” гэсэн юм.

Энэ бол үнэхээр үнэн гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрнө.  Өнөөдөр эмнэлгүүд зөвхөн нэг хүний ЭХО, РЕНТГЕН, СТ, MRI гэх мэт дүрс оношилгооны хариу хэвлэхийн тулд  багадаа 2000-5000 төгрөгийн зардал гаргаж байна. Тэгэхийн тулд хэвлэгч машин хэрэг болдог. Бичлэгийг нь СD дээр бичиж өгдөг ч сонголт багатай буюу цөөн зургийг  нь л харуулдаг. Зургийн хувьд 10 хувийг л хэвлэж өгвөл болох нь тэр.  Харин энэ сараас эхлээд дүрс оношилгооны хариугаа  гар утаснаасаа авдаг болсноор дээрхи асуудал зохих түвшинд шийдэгдэх нь...

Орчин үеийн технологийг хөгжүүлээд л олон хүнд буян үйлдэж буй тус үйл ажиллагааны талаар бид Тауэрсофт ХХК-ийн захирал М.Мөнхдөлтэй үргэлжлүүлэн ярилцлаа.

-Та бидэнд өөрийгөө болон компанийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу. Эмнэлгүүдийн систем хөгжүүлээд хэдэн жил болж байгаа вэ?

-Намайг Мэндбаярын Мөнхдөл гэдэг. Би МУИС-ийн хэрэглээний математикийн ангийг төгссөн. Сүүлд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн компанийн засаглал, бизнесийн удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан. Эмнэлгийн системийг хөгжүүлээд найман жил болжээ.  Итгэж болохуйц, найдвартай, итгэлцэл, сэтгэл дээр тогтсон арай өөр соёлтой компани байгуулъя гэж зориод компаниа байгуулж байлаа. Түүнээс хойш дөрвөн жил “Гурван гал”нэгдсэн эмнэлгийн суурь баазад үндэслэн БНХАУ, Япон, БНСУ-ын эрүүл мэндийн системүүд орчиндоо яаж ажилладаг, манай онцлог юу вэ, ямар систем тохирох зэргийг судалж үзэж байсан. Бид эхлээд импортын системийг орлох системийг эх орондоо, монгол инженерүүдийн сэтгэл, чадвараар бий болгохыг зорьсон. Тухайн үед “Гурван гал” нэгдсэн эмнэлэг шиг том эмнэлэгт ашиглах системыг гаднаас авахад 250-300 мянган доллор байдаг байсан. Гаднаас 250-300 мянган долларын үнэтэй  системийг авах эмнэлэг нь манайд хэд билээ. Авсан гэхэд ажиллуулж чадах нь хэд билээ. Эмнэлгүүдийн бодит байдал, цахимжих хэрэгцээнд  тулгуурлаж судалгааны ажлаа хийсэн гэх үү дээ.

-ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВААД ЦАЛИНГАА ТАВЬДАГ БАЙЛАА.-

-2015 он хүртэл судалгааны ажил хийсэн үг үү?

-Судалгааны ажлаас гадна олон туршилтуудыг хийж байлаа. 2015 он хүртэл зах зээлд огт систем гаргаагүй. Бид эхлээд бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Гэхдээ бидний зорилго бүртгэлийн систем хийгээд л ханах биш байсан учраас эмнэлгийн менежмент тал руу систем хөгжүүлэлт хийсэн.  Бид хувийн эмнэлэг талдаа сайн жишиг харуулъя гэж зорьж байна. Бид сая дүрс оношилгоог утсан дээр харуулж чадлаа гээд бахдаад буйн учир нь энгийн 3G, 4G хурдаар том хэмжээтэй файлыг харуулчихаж чадаж байгаадаа л байгаа юм. Харуулаад зогсохгүй маш их цаг хугацаа, зардал хэмнэнэ, мөн нэгдсэн платформоос хүссэн үедээ ашиглаж болохоор найдвартай хадгалж байгаа нь бидний хөдөлмөрийн үр дүн юм.

-Төрийн эмнэлгүүд уг системийг нэвтрүүлэх хэрэгтэй санагдлаа. Учир I, II, III болон бусад улсын эмнэлгүүд хэтийдсэн ачаалалтай түүнээс үүдсэн шүүмжлэл, гомдол бухимдал тасардаггүй. Хэрвээ энэ үйлчилгээг нэвтрүүлбэл эмч, эмнэлгийн ажилтнууд болон өвчтөн аль аль талдаа хэрэгтэй санагдлаа?

-Нэг үеэ бодоход манай улсын эрүүл мэндийн салбар гэхгүй бүх л салбарт цахимжих, дижитал болох талаар дээр, дооргүй л ярьдаг, хэрэгцээг нь хүлээн зөвшөөрдөг болсон. Манай улсын томоохон эмнэлгүүд ч сүүлийн жилүүдэд цахимжих, дижитал болох талаар багагүй ажил хийж, гадна, дотны олон зээл тусламжаар хөрөнгө оруулалт хийж байгаа харагдах юм. Үр дүн нь хэр байгаа нь бидний нүдэн дээр ил байгаа. Иргэн хүнийхээ хувьд ч,  эмнэлгийн менежментийн систем хөгжүүлдэг компани төлөөлж буй хүний хувьд ч тэр нь арай нэг амьдралтай, бодит асуудлыг судалж, шийдлээ боловсруулж, хөрөнгө оруулалтай хийж болдоггүй юм байхдаа гэж үргэлж бодогддог. Манай бүхий л улсын том эмнэлгүүд Офицероос, Саппоро хүртэлх энэ орон зайнд байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг,  үзлэгийн цаг, хэвийн шинжилгээ, оношилгооны хариу, оношилгооны дараах эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмийн жорыг цахимаар иргэдэд өгдөг болчихвол эмч, сувилагч, эмнэлгийн ачаалал хэдэн хувиар буурах вэ, цаашлаад замын түгжрэлд хэдэн хувь эерэг үзүүлэх вэ, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хэр хэмжээнд нэмэгдэх вэ, эмнэлэг болон иргэдээс гарч буй зардал хэдэн хувиар буурах вэ, бүтээмж хэрхэн өсөх вэ? Асуудлыг амьдралтай, бодитоор хараад, зөв бодоод, системтэй төлөвлөөд хийчихвэл их зардал орохгүй шүү дээ. Том зургаараа бол төр, хувийн хэвшил гэхээсээ илүүтэйгээр Монгол улсын л эрүүл мэндийн салбар. Салбараараа нэгдсэн бодлого, системтэй байж чадвал эрүүл мэндийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд дэвшил гарч чадна гэж боддог.

Манай багийнханд нэг томоохон улсын эмнэлгийг жишиг болгож цахимжуулах, дижитал болгох мөрөөдөл бий. Тэр хичээл зүтгэлээрээ төрийн эмнэлгийн хувьд жишиг тогтоочихье, дараагийн ямар ч компани, ямар ч дарга гарч ирсэн ядаж энэ эмнэлэг шиг болгох юм шүү гэдэг жишиг байвал зүгээр биз дээ.

Сүүлийн үед бидний энэ мөрөөдөл биелэлээ олж хувийнменежменттэй улсын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгүүд манай системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр гэрээ байгуулсан,  тун удахгүй иргэд үр дүнг нь мэдэрч эхлэнэ гэж найдаж байна.

-2011-2015 он хүртэл судалгааны ажлаа хийгээд байсан байна. Энэ хугацаанд бүтэлгүйтэл, хүндрэл маш их байсан байх?

-Хэдэн хүн нийлээд юу ч болсон энэ ажлыг хийнэ гээд л зорьсон. Түүнээс яаж хийх төлөвлөгөө, зохион байгуулалтгүй байсан. Цөөн хүний нөөцтэй байж хэт олон ажил руу салж орсон гэх мэт алдаа их гаргасан. Мөн багийн гишүүдийнхээ хүлээлтийг зөв удирдаж чадахгүйгээсээ болж багаа задалж, хамтран үүсгэн байгуулсан хүмүүс маань компанийг орхиход хүрсэн. Амьдрах гээд ядаж буй залуу хүмүүст өчнөөн асуудал гарна шүү дээ. Дандаа судалгаа, туршилт хийдэг, мөнгө бараг олддоггүй үе байлаа. Энэ мэт бас бус олон асуудал гарсаан. Миний хувьд судалгааны шатанд тэсч үлдэх талаараа л их боддог байсан.  Юуч тохиолдсон хийнэ, үр дүн гаргана, тэр хүртэлээ тэсч үлдэнэ л гэдэг байсан. Цалингийн зээл аваад цалингаа тавьдаг үе зөндөө байлаа /инээд/.

Мөрөөдлийнхөө төлөө гэр бүлийнхээ асуудлыг ч хойш нь тавих үе зөндөө. Дөнгөж өнгөрсөн жил байранд орсон байх жишээтэй. Олсон бүх мөнгөө судалгаа, хөгжүүлэлт рүүгээ, хүмүүсийнхээ мэдлэг олж авах ажил руу зарцуулдаг байсан. Гэхдээ бид огт орлого олохгүй байсан юм бишээ. Биднийг анх 2012 онд хэдэн ширхэг цаасан дээр ядмаг санаа төдий зүйл бичээд очиход “Гурвангал” нэгдсэн эмнэлгийн удирдлага, хамт олон хүлээж авч хамгийн анх 100 гаруй сая төгрөгний гэрээ байгуулж, эмнэлэгээ суурь бааз болгож хөгжүүлэх зөвшөөрөл өгч, цаашлаад дараагийн жилүүдэд нэмэлт 200-300 сая төгрөгний санхүүжилт хийсэн.

Гурван гал групп болон “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болох Г.Пүрэвсүрэн, Д.Отгонгэрэл, Г.Лхагвасүрэн нар маань зэрэгцэж сууж байгаад “Монгол залуусдаа, Монгол инженерүүддээ итгээд үзье, бизнесийн салбарт олон жил ажилласан бид нар л залуучууддаа итгэж, алдаж оноход нь эрсдэлийг нь үүрч, зааж зөвлөхгүй бол улс яаж хөгжиж билээ” гэж билээ. Тухайн үедээ би гэрээ байгуулсандаа л их баярлаж байсан болохоос хэлсэн үгнийх нь утгыг сайн ойлгоогүй, хэлж байсан шиг нь алдаж, онож, унаж, босоод яваад ирсэний дараа энэ үгний утгийг бага багаар ойлгож байна. Биднийг дээр дурьдсан гадны улсуудад судалгаа хийх боломжоор хангаж, өөрсдөө цаг зав зарцуулаад дагуулж явдаг байлаа. Эх оронч хүмүүс шүү. Энэ ярилцагаар дамжуулаадмашихбаярлаж, талархаж явдагаа хувиасаа болон хамт олныхоо өмнөөс илэрхийлье. Одоо хүртэл манай шинэ систем зах зээлд гарахдаа Гурван гал эмнэлэг дээрээ туршигдаад зах зээлд ордог. Гар утсаар дүрс оношилгооны мэдээлэл авах систем ч гэсэн хамгийн түрүүнд Гурван гал эмнэлэгт нэвтэрнэ. Туршилт амжилттай болвол дараа, дараагийн эмнэлэгтэй нэвтрүүлнэ дээ.

Бид 2015 оноос эхлэн дараа, дараагийн эмнэлгүүдэд 40-80 сая төгрөгөөр системээ нэвтрүүлсэн. Манай улсын хувийн хэвшлийн зуу, зуун эмнэлгүүдийн бидэнд итгэсэн итгэл манай хамт олны энд хүртэл авчирсан. Цаашлаад эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө хамтдаа байна гэдэгт итгэлтэй байна. Үе, үеийн харилцагч, хамтран ажилласан хүмүүстээ баярлаж  явдаг. Бид худлаа хэлэхгүй гэдэг зарчмыг бизнестээ барьж ажиллаж ирсэн. Асуудал гарвал үнэнээ хэлээд, бодит байдлаар хандаад ажиллдаг. Одоо ч гэсэн асуудал зөндөө гарнаа. Бид олсон мөнгөөрөө системийн хөгжүүлэлтээ хийж, харилцагч үйлчлүүлэгчидийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж түүнээсээ эерэг мэдрэмжийг авах дуртай. Нэг их мөнгөний араас улайрдаггүй. Бидний зохион бүтээсэн систем эмнэлгийн үйлчилгээг чанаржуулахад дэмжлэг үзүүлж чадвал нэг хүний амь насыг аврах, цаашлаад иргэдийн дундаж наслалтыг нэмж чадна гэсэн итгэл үнэмшилтэй ажилладаг.

Эцэст нь түүний “Би бусадтайгаа туршлагаа хуваалцах дуртай. Бид компанийхаа эрхэм зорилгийг “Амжилтын цамхагаа хамтдаа бүтээе” гэж тодорхойлсон. Бид зарим тал дээр бусдаасаа түрүүлж явж байгаа, тийм болохоор бидний алдсан алдаа, алдаанаасаа суралцсан туршлага ч мөн бусдаасаа олон. Бидний алдсан замд шинээр гарч ирж байгаа залуус болон компаниуд бүү алдаасаа гэж хүсдэг. Тиймдээ ч бид бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг том, жижиг компаниудтайгаа сайн харилцаатай байж, туршлага солилцож, хамтдаа хөгжихийг эрмэлздэг. Бидний гадна талд биднээс хамаарахгүй том асуудлууд байгаа. Бид түүнийгээ эв нэгдэлтэй байж, хамтдаа шийдэх нь эрсдэл багатай. Бид нэгнийгээ өрсөлдөгч биш хамтрагчид гэж харж эхэлсэн тэр цагаас л хөгжиж эхлэнэ гэдэгт итгэдэг” гэж хэлснээр сурвалжилгаа өндөрлүүлж байна.

Бид эмнэлгийн үйлчилгээг сэтгэл ханамжтай авдаг цаг тун удахгүй биз ээ.