"Дайн эсэргүүцвэл тог, бензин Оросууд өгөхгүй" гэхийн оронд БНСУ-аас шатахуун авах гэрээгээ сэргээж, УЦС-аа барьж Орос олигархийн цахилгаанаас татгалз

"Дайн эсэргүүцвэл тог, бензин Оросууд өгөхгүй" гэхийн оронд БНСУ-аас шатахуун авах гэрээгээ сэргээж, УЦС-аа барьж Орос олигархийн цахилгаанаас татгалз

Энэ долоо хоногийн Даваа гараг /2022.10.03/-т УИХ-ын Намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстой” гэж мэдэгдсэн. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монголчууд геополитикийн асуудалд болгоомжгүй, бодлогогүй оролцсоноос болж шатахуун нийлүүлэлтэд хүндрэл үүсэхийг үүсгэхгүй” гэж мэдэгдсэн нь анхаарал татах сэдэв байв.

Учир нь тэдний мэдэгдлийн цаад шалтгаан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, мөн манай зарим иргэд “ОХУ-ын Украинд явуулж байгаа дайныг эсэргүүцэж”, үүнийг нь CNN зэрэг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсэнтэй холбоотой байж болзошгүй юм. Иймд иргэдийн “итгэл үнэмшил”-ийг  хязгаарлах гэж боломжгүй зүйл хийхийн оролдохын оронд шатахуун, эрчим хүчний өөр эх үүсвэр хайх, хуучин зарим гэрээгээ сэргээх шаардлагатай талаар зарим иргэд ярьж байна.

-БНСУ-ААС ШАТАХУУН ХУДАЛДАН АВАХААР 2012 ОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ-

Учир нь манай улс шатахуун, төмөр зам, эрчим хүчний хувьд ОХУ-аас хамааралтай олон жил явж байгаа бөгөөд энэ байдлаа ч Орос улс урт хугацаанд хадгалах бодлого барьдаг байж магадгүй байгаа. Тодруулбал, манай улс бензин, шатахууны хувьд ОХУ-аас байнгын буюу 1955 оноос хойш хараат явсаар ирсэн.

Харин энэ хараат байдлаас гарахын тулд 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар БНСУ-ын “SK energi” компаниас авто бензинийг урт хугацаанд худалдаж авах гэрээ байгуулж, улмаар тус улсаас оруулж ирсэн шатахууныг “М ойл” группийн ШТС-уудаар борлуулж байлаа. Харин энэ худалдан авалт 2016 оны сонгуулийн дараа зогссон.

Ингээд жилдээ 1,5 тэрбум ам.долларын үнэтэй нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас авч, дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Гэтэл олон улсын байдал хурцадмал байгаа энэ үед иргэд нь “Дайныг эсэргүүцэх” итгэл үнэмшилтэй байсны төлөө ОХУ шатахууны нийлүүлэлтээ зогсоож магадгүй хэмээн зарим хүмүүс ярьж байна. Хэрэв БНСУ-аас өнөөдрийг хүртэл шатахуун худалдаж авсаар байсан бол манай улс шатахууны хувьд ОХУ-аас 100 хувь хараат бус байх байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

-УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛҮҮД ХӨДӨЛГӨЖ, ОРОСЫН ОЛИГАРХИЙН ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ ХЭРЭГТЭЙ-

Мөн манай улс ОХУ-аас цахилгаан эрчим хүчний хувьд хамааралтай. Харин энэ нь В.Путины найз Оросын олигархи Олег Дерипаскагийн бизнес бөгөөд түүний “Галуут нуур”-ын усан цахилгаан станц /УЦС/-аас манай улс цахилгаан авч, Олег Дерипаскад жилдээ 150 сая гаруй ам.доллар төлдөг гэх мэдээлэл бий. Сонирхуулахад, саяхан ОХУ-ын иргэн Е.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг зогсоож, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл Nosvox.com сайт дээр саяхан нийтлэгдсэн. Энэ нь Олег Дерипаскагийн бизнестэй ч холбоотой байж магадгүй юм. Учир нь манай улс дотоодын эрчим хүчээ өөрсдөө хангаад эхэлбэл түүний бизнес дампуурна.

Харин өдгөө ОХУ-аас авах цахилгааны хэмжээ 21,8 хувиар, үнэ нь 15,9 хувиар тус тус өссөн. Мөн манай эрчим хүчний эх үүсвэрүүд 30-62 жилийн насжилттай болжашиглалтын хугацаа дууссан, шинэ цахилгаан станцуудын төсөл олон жил гацсан тул Оросын олигархи Олег Дерипаскагийн “Галуут нуур”-ын усан цахилгаан станцаас цахилгаан худалдан авч баруунбүсийн аймгуудыг эрчим хүчээр хангадаг байгаа юм.

Олег Дерипаска

Өнөөдрийн байдлаар баруун бүсэд 390 гаруй мянга хүн ам оршин суудаг бөгөөд эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ-аас авч байна. Иймд баруун аймгийн иргэдийг эрчим хүчээр тасралтгүй хангаж, Оросын эрчим хүчнээс хараат байдлаас гарахад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц чухал үүрэгтэй гэдэг. Гэтэл уг төслийг зарим нэг сэтгүүлч, нутгийн малчид энэ долоо хоногт эсэргүүцсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тарьсан.

Үнэндээ, Оросын шатахууны хараат байдлаас гарахын тулд БНСУ-тай байгуулсан гэрээгээ сэргээж, эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлаа яаралтай эхлүүлэх байтал, иргэд “дайныг эсэргүүцэхгүй, гадаад бодлогоо нэг амаар ярьж байя” гэсэн утгатай зүйлсийг манай зарим шийдвэр гаргах түвшний хүмүүс яриад сууж байна.