Дэд сайд Б.Болор-Эрдэнэ "зөвшөөрөл авалгүй"-ээр Олон Улсын байгууллагатай гэрээ байгуулсан гэх асуудалд холбогджээ

Дэд сайд Б.Болор-Эрдэнэ "зөвшөөрөл авалгүй"-ээр Олон Улсын байгууллагатай гэрээ байгуулсан гэх асуудалд холбогджээ

Өчигдөр /2022.10.04/ Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/-ны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурсан талаар тус яамнаас мэдээлсэн. Тус гэрээ байгуулагдсанаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж буй.

Дэд сайн Б.Болор-Эрдэнэ Олон Улсын байгууллагатай баримт бичигт гарын үсэг зуржээ. 2022.10.04

-ОУ-ЫН ГЭРЭЭНД ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР ГАРЫН ҮСЭГ ЭРХ ЗӨВХӨН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД БАЙДАГ БАЙНА-

Тэгвэл тус бичиг баримтад дэд сайд Б.Болор-Эрдэнэ гарын үсэг зурсны  дараа “энэхүү гэрээ, бичиг баримтыг Гадаад харилцааны яам болон Хууль зүй дотоод хэргийн яам хянасан уу, Засгийн газраас зөвшөөрөл, итгэмжлэл олгосон уу, цаашлаад ЦХХХ-ны сайд Н.Учрал энэ гэрээг мэдсэн үү” гэх асуулт улс төрийн хүрээнд өндрөө авч эхэлжээ.

Учир нь Олон Улсын гэрээний тухай хуулийн 3.1.6-д "олон улсын байгууллага" гэж улс болон Засгийн газар хоорондын түвшинд байгуулагдсан олон улсын байгууллага, тэдгээртэй адилтгах зохион байгуулалтын бусад нэгдлийг хэлнэ гэж заажээ. Иймд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага нь “Засгийн газар хоорондын түвшинд байгуулагдсан олон улсын байгууллага” болж таарч байгаа юм.

Мөн хуулийн 3.1.8-д “гарын үсэг зурах" гэж хуульд заасны дагуу эрх олгогдсон албан тушаалтан Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж олон улсын гэрээнд гарын үсэг зурах үйлдлийг хэлэх бөгөөд эрх зүйн чадамж … ” гэж заажээ.

Иймээс дэд сайд Б.Болор-Эрдэнэ Засгийн газрыг төлөөлөх, мөн гэрээнд гарын үсэг зурах хуулийн чадамжтай юу гэсэн асуулт гарч байгаа аж.

Учир нь тус хуулийн 14 дүгээр зүйлд, “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь итгэмжлэлгүйгээр олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхтэй” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Үүнээс харвал дэд сайд Б.Болор-Эрдэнэ олон улсын байгууллагатай шууд гэрээ байгуулахад эрх зүйн чадамжгүй байдал харагдаж байгаа юм.

-ДЭД САЙД Б.БОЛОР-ЭРДЭНЭ НЬ ЯАМ ТЭРГҮҮЛЭХ БҮРЭН ЭРХТЭЙ АЛБАН ТУШААЛТАН БИШ АЖЭЭ-

Иймд ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ тус баримт бичгийг Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулж, зөвшөөрөл авахгүйгээр “өөрөө дур мэдэн” Олон Улсын байгууллагатай гэрээ байгуулав уу гэсэн хардлагад өртөөд байгаа аж. 

Нөгөөтэй Засгийн газрыг төлөөлж тус баримт бичигт яагаад ЦХХХ-ны сайд Н.Учрал гарын үсэг зураагүй гэж, учир нь дэд сайд Б.Болор-Эрдэнэ яам тэргүүлэх бүрэн эрхтэй албан тушаалтан биш гэх асуулт ч гарч байгаа ажээ. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 18.4-д Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн Засгийн газрын тухай хуульд дэд сайд нь “гэрээ, баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй” гэж тодорхой заагаагүй байгаа юм.

Тэгвэл энэ бүх ярианы дараа ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ гарын үсэг зурсан тус бичиг баримтаа “жирийн нэг сургалтын баримт бичиг” гэж зарим эх сурвалжуудад тайлбарласан гэх мэдээлэл байна. Харин бид дэд сайддаа зөвшөөрөл, итгэмжлэл өгч Олон Улсын байгууллагатай байгуулсан гэрээнд гарын үсэг зуруулсан эсэх талаар ЦХХХ-ны сайд Н.Учралтай холбогдож тодруулах гэсэн ч тэрээр тус асуултад “хариулахаас татгалзсан” юм.