Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг өчигдөр /2025.10.23/ хянан хэлэлцэж, бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Улмаар Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн. Иймд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эргүүлэн татах эсэх асуудал анхаарал татаж байгаа юм. Түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хэд хэдэн үндэслэл бий болоод байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн анхлан тангараг өргөхдөө, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Үүнд Үндсэн хуулийг зөрчихгүй байх талаар тодорхой тусгасан байна.
Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хэд хэдэн үндэслэл бий.
Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3.т "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ" гэж заасан. Иймд УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж байна.