Рекорд тогтоосон халуун өдрийн дараа Исландад анх удаа шумуул илэрсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Исланд нь дэлхий дээр шумуул байдаггүй хоёр орны нэг байсан бөгөөд нөгөө нь Антарктид юм.
Шумуулыг нийслэл Рейкьявикаас баруун өмнө зүгт орших "Кьёс" хэмээх хөндийд оршин суугч, шавж сонирхогч Бьёрн Хьяльтасон олжээ. Тэрээр дарсанд дүрсэн утастай урхи ашиглан шөнийн цагаан эрвээхэй барьж байсан бөгөөд урхинд нь “хачирхалтай ялаа” баригдсан байна. Бьёрн Хжалтасон энэ тухайгаа 10 дугаар сарын 16-нд Facebook-ийн “Исландын зэрлэг байгаль” нэртэй хуудсанд нийтэлж, зураг хавсарган “энэ бол шумуулын эмэгчин байж магадгүй” гэж бичжээ. Харин маргааш нь эр шумуул, харин дараагийн өдөр нь дахин эм шумуул барьсан байна.
Исландын сонинд мэдээлснээр, Б.Хьяльтасоны барьсан гурван шумуулыг Байгалийн түүхийн хүрээлэнгийн энтомологич Маттиас Альфредссонд шинжлүүлсэн байна. Харин шинжилгээний үр дүнгээр эдгээр шумуул нь өвлийг давах чадвартай цөөн төрлийн шумуулын Culiseta annulata хэмээх зүйлд хамаарах нь тогтоогджээ.
Энтомологич М.Альфредссон CNN-д өгсөн тайлбартаа, "Culiseta annulata хэмээх зүйлд хамаарах шумуул нь Европ болон Хойд Африкийн зарим хэсэгт өргөн тархсан зүйл боловч, Исланд хүртэл хэрхэн ирсэн нь тодорхойгүй" гэж хэлжээ. Харин Б.Хьяльтасон “ойролцоох Грундартанги боомтоор ирдэг ачааны хөлгүүд шумуулыг санамсаргүйгээр авчирсан байж болох юм” гэж таамагласан байна. Учир нь түүний гэрээс боомт ердөө 6 километрийн зайд оршдог аж.
Эх сурвалж: BBC