Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн билээ. Тэгвэл яруу найрагч Ш.Гүрбазар гуайтай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийг үзэн таалж байхтай тааралдан хором ярилцлаа.
ВИДЕО:
-Сайн байна уу та. Юун түрүүнд энэ жил олны хайр, хүндэтгэл хүлээсэн гурван бүтээлээрээ Төрийн соёрхол хүртсэнд тань баяр хүргэе. Хоёулаа ярилцлагаа үзэгч, уншигчдадаа баярын сэтгэгдлээ хуваалцахаас эхэлье гэж бодож байна?
Сайн байна уу. Баярлалаа. Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоор Монгол төрөөс намайг ивээж, гүн хүндэтгэл үзүүлж, миний эх орны сэдэвт уран бүтээлд төрийн шагнал өгсөн. Би уран бүтээлч хүний хувьд маш их баярлаж байгаа.
-Та сүүлийн үед өөрийн уран бүтээл дээр ажиллаж байна уу. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
Би одоо ганц хоёр жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Хүмүүсийн захиалгаар хоёр кино зохиолд орсон. Одоохондоо ажил явагдаж байгаа учир нэрийг нь хэлээд яах вэ. Би өөрөө бас нэг шүлгэлсэн роман бичээд дуусаж байна. Тэгээд ер нь л зүгээр байхгүй байна. /инээв/
-Яриагаа “Тамгагүй төр” жүжиг. Тэр тусмаа Б.Лхагвасүрэн агсны зохиол гэдэг өнцгөөр үргэлжлүүлье. Жүжгийг үзээд хамгийн эхэнд юу бодогдож байх юм?
Би өнөөдөр тус жүжгийн 105 дахь тоглолтод ирээд ахин харах гээд сууж байна. Өмнө нь хоёр ч удаа ирж үзсэн. Одоо ч сэтгэл догдлом сайхан санагдаж байна. Юун түрүүнд мөн чанараас нь эргэж ярья гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүнийг би 16 настай байхаасаа дагасан. 16 наснаасаа 2019 оны цагаан сарын шинийн нэгэн хүртэл гэсэн үг юм л даа. Миний ах гэж явдаг хүн. Намайг зарим хүн шавь нь л гэдэг. Төдий олон жил 50 шахуу жил дагасан болохоор тэр шүү дээ. Тэр гайхамшигтай хүний уран бүтээл, олон сайхан бүтээлүүдийнх нь нэг нь бол “Тамгагүй төр” гэдэг энэхүү туурвил. Лхагваа ахын минь жүжиг юм даа гэж бодож нэг харна. Гэхдээ энэ жүжиг бол зохиолоос өөр бүтээл буюу үүнийг туурвил болгосон. Эдүгээ бидний үзэж байгаа “Тамгагүй төр” гэдэг туурвил бол өөр туурвил байхгүй юу. Одоо “Анна карина” гэж зохиол байж болно. Жүжиг байж болно. Тухайн бүтээлийг яаж амилуулсан бэ гэдгээрээ гол мөн чанар явдаг.
-Тодруулбал?
Жүжгийн зохиолыг бол ном нь дээр байх юм бол зүгээр уншина. Харин театрт очиж үзсэн хойно тэр нь бүтээл болдог гэдэг. Тэр нь шиг одоо юу гэдэг юм. “Hero” энтертайнмент Б.Баатар найруулагчийн баг, энэ олон хэдэн зуун хүмүүсийн хөдөлмөр бол Монголын урлагт шинэ эрин авчирсан юм гэж харж байна. Тэр агуу их зохиолч энэ хүмүүсийг тэжээж байна гэдэг ойлголтоор ерөөсөө хандаж болохгүй. Зохиол бол зохиол л байдаг. Зохиолоос явсан туурвил бол өөрөө бие даасан бүтээл байдаг юм шүү дээ. Хоёр өөр урлаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
-Б.Лхагвасүрэн агсны агуу зохиол учраас л энэ зэрэгтээ явж байна гэж харах хүмүүс байна гэх гээд байна аа даа та?
Тийм. Чадварлаг зохиолч, сайхан зохиолчийн буян байлгүй яах вэ. Тэнгэрээс өөрөө ч харж баярлаж байгаа байлгүй. Монголын ард түмэн сайшааж байгаа “сайхан зохиол байжээ. Сайхан өв үлдээжээ” гэж. Тэр сайхан өвийг өнөөдрийн Монголын залуучууд ямар гайхалтай юм болгож, цаашид хүргэж, хэдэн зуун жил тоглогдох бүтээл болгож байна шүү дээ.
-Тэгвэл Hero Баатар найруулагчийн хувьд тус жүжиг дээр хэрхэн ажилласан гэж дүгнэж байна та?
Манай Лхагваа ах өөрөө ярьдаг байсан юм. Яах вэ зүгээр хэлчихье. “Хүн байж уран бүтээлч болдог юм аа” гэж. Энэ зүгээр миний хувийн бодол байх л даа. Зүгээр яах вэ. Үзэгчдэд ярьж байгаа юм шүү. Би “Hero энтертайнментын найруулагч энэ бүтээлийг цааш нь ард түмэнд хүргэж, зүгээр ном нь дээр байж болох, одоо театрт тоглохгүй болсон юмыг цааш нь хүргэж байна гэдэг чинь энэ хүний гавьяа шүү дээ” гэж хувь хүний зүгээсээ хараад бахархаж байна. Зохиол, зохиолч, бүтээлийн үзэл санаагаа ч өндөрт өргөж байна. Нөгөө талаасаа би зүгээр ний нуугүй хэлэхэд хүн чанарын хувьд ямар сайн юм бэ гэсэн бодол төрж байгаа. Хүмүүс мэдэхгүй байж болно оо. Энэ бүтээлээр Лхагваа ахын ар гэрт бол маш том туслалцаа үзүүлсэн шүү дээ.
-Та дэлгэрэнгүй яриач?
Хүнийхээ хувьд бол Баатар бол Лхагваа ахын хүү нь дүү шиг нь байсан шүү дээ. Тэр хэцүү үед Лхагваа ахын ясыг Баатар бид хоёр л барьж байлаа. Цааш нь энэ бүтээлийг сайхан болгоод улам мөнх болгох, Мөнх болгохоосоо гадна бас хүн чанар гаргах тэр талаар нь бол Баатарыг их хайрлахаар юм шүү. Би мэднэ, нарийн юм ярьмааргүй байна.
-Тус жүжгийг олон ч хүн үзэж байна. Олон ч магтаал, шүүмжлэл дагуулж байна. Монголчууд юуг нь олж хараасай гэж та хэлэх вэ?
Харахад өнөөдөр 105 дахь тоглолт гэхээр олон хүн үзэж байна шүү дээ. Нэн түрүүнд Монголчууд язгуур юмандаа ямар их хайртай юм бэ гэж харагдаж байна. Хүмүүс сэрж байгаа байхгүй юу. Түүний илэрхийлэл бол яах аргагүй “Тамгагүй төр”. Энэ язгуур өв соёлоо гаднын улсад гаргаж сурталчлан танилцуулж, үнэ цэнийг нь ойлгуулаасай л гэж хүснэ дээ.
-Ярилцсанд баярлалаа