УИХ энэ долоо хоногт Монгол улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Ирэх оны төсвийн төсөлд орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн тэнцлийг хоёр их наяд төгрөг байхаар тооцсон юм. Ингэснээр төсвийн зардал ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэнэ. Ирэх онд Уул уурхайгаас 3.2 их наяд төгрөг олно гэж тооцоолсон нь үндэслэлгүй, судалгаагүй байна гэх шүүмжлэл байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилд уул, уурхайгаас олсон ашгийг 24 хувиар нэмэгдүүлсэн тооцоолол юм.
Учир нь Уул, уурхайн салбараас гурван их наяд төгрөг олно гэдгийг өнөөдөр урьдчилж хэлэхэд төвөгтэй. БНХАУ долоо хоногийн хугацаанд нүүрсний татан авалт хийхгүй бол бид хүндхэн нөхцөл байдалд ордог билээ. Уул, уурхайгаас их өндөр ашиг олно гэсэн төсөөлөл нь БНХАУ-аас хамаардаг учир энэ талаар мөрөөдөхөд эрт. Монгол улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам. доллар байгаа юм. Үүнээс 18.2 тэрбум ам доллар нь ААН-ийн авсан өр. Арилжааны банкуудын тавьсан өр 2.2 тэрбум ам доллар бол Монгол улсын Засгийн газар долоон тэрбум ам долларын өртэй байгаа юм.
Тэгвэл Үндэсний Аудитын газраас гаргасан дүгнэлтэд Монгол Улсын 2020 оны 2 их наяд төгрөгийг алдагдалтай төсөвьщт дараах шүүмж, дүгнэлтийг өгчээ.
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ДҮГНЭЛТЭД
Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа жил бүр макро түвшний судалгаа, гадаад, дотоод хүчин зүйлсийн үндэслэлийг бодитой тооцдоггүйгээс УИХ- аар батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахаар хууль санаачилж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тууштай хэрэгжүүлэхгүй байна.
Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар Улсын Их Хурлын анхааралд толилуулсан удаа дараа давтагдаж буй Төсвийн тогтвортой байдал хангагдахгүй байгаа зөрчлийг арилгах, цаашид жил бүрийн төсвийн төслийг боловсруулах батлахдаа баримтлах шаардлагатай байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах мэргэжлийн судалгааны байгууллагуудын төсөөллөөр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурах төлөвтэй, нүүрсний борлуулалтын тоо хэмжээг 2018 оны гүйцэтгэлээс 15.7 хувиар өндөр буюу 42.0 сая тонноор тооцсон зэргээс үзвэл төсвийн орлогын төлөвлөгөө биелэх эсэх, улмаар зарлагын эх үүсвэр дутагдах эрсдэл байна.
Гааль татварын шинэчлэл дунд, урт хугацаанд өгөөжөө өгөхөөр байгаа нь ирэх оны төсвийн орлого нэмэгдэх магадлал багатай, татварын орлогын төлөвлөгөөг өмнөх оны батлагдсан төсвөөс 2.070.4 тэрбум төгрөгөөр буюу 24.1 хувиар нэмэгдүүлэн тооцоолсон нь эрсдэлтэй байна.
Нэгдсэн төсвийн зарлага өмнөх оны батлагдсан төсвөөс 2.283.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа тул эрсдэлд суурилсан хяналтын бодлого баримталж, дотоод хяналт, дотоод аудитын үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна.
Төсвийн төсөлд тусгагдсан зарим төсөл. арга хэмжээ нь төсөвлөлтийн шаардлага хангаагүй. хэрэгцээ шаардлага тодорхойлогдоогүй, төсөвт өртөг зөрүүтэй байгаагаас хугацаандаа хэрэгжихгүй байх эрсдэлтэй байна
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний өртөгт хязгаар тогтоох, тавигдах шалгуурыг илүү тодорхой болгох шаардлагатай байна.
Эдийн засгийн өсөлттэй өнөө үед төсвийн төслийг боловсруулахдаа зардлыг бууруулж, инфляцыг барих бодлого баримтлах шаардлагатай байна.
Төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай байгаа нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх, түүнчлэн валютын нөөцийн хомсдол үргэлжлэх эрсдэлтэй байна.
Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих. валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар үр өгөөж бий болохуйц бодлогын баримт бичиг боловсруулж, мөрдөж ажиллах шаардлагатай байна.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Ази. номхон далайн бүсийн байгууллагын өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн үнэлгээнээс шалтгаалан 2019 оны 10 дугаар сард болох тус байгууллагын хуралдаанаар Монгол Улс хяналт/саарал жагсаалт/-д орох өндөр эрсдэлтэй байгааг тооцон. жагсаалтад орсон тохиолдолд улсын төсвийн орлого буурах. зээлийн хүүгийн зардал өсөж дунд, урт хугацаанд төсөвт сөрөг нөлөөлөл бий болох эрсдэл үүсэж болзошгүйг зайлшгүй анхаарах шаардлагатай байна.